Дэлхийн цэргийн спортын VII наадмаас Монголын боксчид нэг мөнгө, 2 хүрэл медаль хүртэв

БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотноо зохион байгуулагдсан “World Military Games” буюу Дэлхийн цэргийн спортын VII наадмаас Монголын боксчид нэг мөнгө, 2 хүрэл медаль хүртэв.

Тус наадмын боксын төрөлд гавьяат дасгалжуулагч А.Гантулга, дасгалжуулагч Ж.Отгонбаяр тэргүүтэй эрэгтэй 7, эмэгтэй 3 тамирчин хүчээ сорьсноос ОУХМ Х.Энх-Амар мөнгөн медаль, ОУХМ Х.Энхмандах, Э.Шинэбаяр нар хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Энэхүү наадамд БХЯ-ны “Алдар” спорт хорооныхон бокс, буудлага, байт харваа, чөлөөт бөх, жүдо, хөнгөн атлетик, марафон зэрэг спортын төрлөөр оролцсон юм. щ

Энэ удаагийн наадмаас Монголын баг тамирчдаас жүдо бөхийн 60, 66 кг-ын жинд ОУХМ Э.Ариунболд, Б.Эрхэмбаяр нар тус тус хүрэл медаль хүртсэн бол чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д “Алдар” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд мөнгөн медалийн эзэн болсон.

Мөн буудлага спортын 25 метрийн гар бууны дасгалд олимпын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа 590 оноогоор түрүүлэн аваргын алтан медаль, уг дасгалд ОУХМ Г.Хэрлэнцэцэг мөнгөн медаль хүртэж, хамтдаа медалийн тавцанд зогсон Төрийн дууллаа эгшиглүүлсэн юм.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.