Цистит өвчний үед дур мэдэн эмчилгээ хийх нь сөрөг үр дагавартай

Цистит буюу давсагны үрэвслийг уламжлалт анагаах ухаанд шээс чавдагших, шээс хаагдах өвчин гэж үздэг. Шээс хаагдах өвчин нь хийн гэмээр үүссэн бол шээс гарахгүй, бэлгэ эрхтэнээр хатгаж өвдөнө, шараас шалтгаалсан бол шээс нь улаан шар өнгөтэй, давсаг, шээсний сүвээр хатгуулж өвдөх зовиур илэрдэг. Бадганаас шалтгаалсан үед шээс нь ногоон, шар өтгөн салстай гарна. Хурмалаас шалтгаалсан бол дээрх бүх шинж илрэх бөгөөд өвчний явц нэлээд хүндэрсэн байна гэж үздэг.
Хэрэв таны шээс ойр ойр хүрэх, давсганд шээс байхгүй ч шээмээр санагдах, бага багаар дусагнах, хоёр гуя, цавиар хатгуулах, ууц нуруу чилэх, давсаг орчим шархирч, хатгуулах зэрэг зовиур илэрвэл мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Харин гэрийн нөхцөлд халуун цайны ууранд суух, бүлээн жин тавих, дур мэдэн антибиотик хэрэглэх зэрэг нь өвчнийг сэдрээх аюултай. Уламжлалт анагаах ухаанд тухайн өвчнийг үүсгэж байгаа шалтгаан нөхцлөөс шалтгаалаад өөр өөр эмчилгээ хийдэг учир дур мэдэн эмчилгээ хийх нь сөрөг нөлөө үзүүлэх аюултай. Тухайлбал, давсагны хийгээр өвдсөн хүн жин тавихад зовиур намддаг бол шараас шалтгаалсан циститний үед халуун жин тавьж болохгүй, учир нь халуун халууныг бүр ихэсгэж өвчнийг улам сэдрээдэг.  Тиймээс ам дамжсан яриагаар, гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролдохгүйгээр уламжлалт анагаах ухааны эмчид хандаж оношлуулан, тохирсон эмчилгээг цаг алдалгүй хийлгэх нь зүйтэй. Аливаа өвчний үед эмчилгээг илүүдүүлж, дутуудуулж, буруудуулах тохиолдолд өвчнийг улам бүр хүндрүүлэх эрдсэлтэй гэдгийг ойлгох нь чухал. Сүүлийн үед антибиотикийн замбараагүй хэрэглээнээс үүдэн архаг цистит, давсагны шарх үүсэх тохиолдлууд ч байна.
Мөн орчин цагт орон сууцнууд ихэвчлэн паркетин шалтай доороосоо жиндүү байх болсон. Хүүхдүүд гэртээ хөл нүцгэн гүйж доороосоо даарч явсаар шээс хаагдах өвчнийг үүсгэх нөхцлийг бүрдүүлээд байдаг. Ийнхүү удаан хугацааны турш хуримтлагдсаар нэг л өдөр шээс гарахгүй байх, эсвэл бага багаар ойр ойрхон шээх, давсаг, шээсний сүв орчмоор хатгуулж өвдөх зэрэг өвчний шинж тэмдэг илэрч эхлэнэ. Хүүхэд насанд ид өсөлтийн үед галын илч, тунгалаг цөвийн буюу бодисын солилцоо идэвхитэй явагдаж байдаг бөгөөд энэ үед бадганы бэлгэ чанарын хувь харьцангуй их байдаг. Үүнтэй уялдаад хүйтэн, чийгтэй, нойтон орон байр, орчинд байхад тохиромжгүй гэж үздэг. Тиймээс шээс хаагдах өвчнөөс сэргийлэхийн тулд хамгийн гол нь хүүхдээ доороос нь дааруулахгүй байх тал дээр анхаарч, дулаан хувцаслах хэрэгтэй. Усанд орсны дараа биеийг нь тослож дулаан хувцаслах хэрэгтэй. Хүүхдийн хөлийн ул, бэлхүүс, толгойг үргэлж дулаан, хуурай байлгах нь чухал. Хүүхэд их хөдөлгөөнтэй байдаг учраас гүйж, харайх үед шээсээ дусаах тохиолдол гардаг. Тиймээс хувийн ариун цэврийг сайн сахиулж, дотуур хувцсыг нь хуурай, цэвэрхэн байлгах хэрэгтэй. Мөн биеийн онцлогоос хамаарч хонины махтай хоол, сарлагийн сүү, тараг, төрөл бүрийн үр тариагаар хийсэн гурилан бүтээгдэхүүн зэргийг тогтмол хэрэглүүлэх нь шээсний замын өвчнөөс төдийгүй бүхий л өвчлөлөөс сэргийлж чадна. Хэрэв хүүхдэд тань дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол уламжлалт анагаахын мэргэжлийн эмчид хандаж оношлуулан, бүрэн гүйцэд эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Цистит өвчний үед эм, засал эмчилгээ, мөн тарни эмчилгээг хийдэг. Тухайн өвчтөнийг мэргэжлийн эмч үзэж оношлоод, тохирсон өвөрмөц эмчилгээг хийдгээрээ онцлогтой. Тухайлбал, хийнээс шалтгаалсан циститийн үед тосон түрхлэг, тосон жин, төөнүүр, эмийн ууран дэвтээлэг эмчилгээ хийж, бүлээн шимтэй хоол, ундаар эмчилдэг. Шараас шалтгаалсан бол сэрүүн найрлагатай эм тан, шарын халууныг дарах зорилгоор хануур заслыг хийх гэх мэт сэрүүн чанарын эмчилгээ хийдэг.  Мөн тарни эмчилгээ бий. Цистит өвчний үед эмийн болон заслын эмчилгээний үеэр “Ум рам рам шаг шаг зэр зэр цэг цэг вад нил сууха” тарнийг уншвал сайн нөлөөтэй.

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …