Дэлхийн цэргийн спортын наадмаас Э.Даваанасан хүрэл медаль хүртлээ

Дөрвөн жил нэг удаа болдог “World Military Games” буюу Дэлхийн цэргийн спортын VII наадмын чөлөөт бөхийн тэмцээн аравдугаар сарын 21-23-нд БНХАУ-ын Хүбэй мужийн Үхань хотод боллоо.
Чөлөөт бөхийн төрөлд манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаярын удирдлага дор Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны долоон тамирчин хүч үзсэнээс нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттай тэмцээнээ өндөрлүүллээ.

 Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгө, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга, 2014 оны цэргийн дэлхийн аварга, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд мөнгөн медаль хүртсэн. Тэгвэл өчигдөр  буюу сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд  2019 оны Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгөн медальт ОУХМ Энх-Амарын Даваанасан хүрэл медалийн эзэн боллоо.
Ирэх долоо хоногт 23 хүртэлх насны ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцох түүний хувьд 1/8 шигшээд Нигерийн Реубен Амучечиг цэвэр, шөвгийн наймд Гвинейгийн Фатумата Камараг 2:0-ээр ялж хагас шигшээд “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт Польшийн Агнешка Вейшчект 6:11-ээр ялагдсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Бразилийн Дайлан Реисийг 9:5-аар ялав.


Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …