Г.Ган-Эрдэнэ: Өлөн дээрээ их хэмжээний ус уух нь ходоодны галын илчийг дарангуйлдаг

Зөвхөн уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгээр оношилдог хийн төрлийн өвчнөөс үүдэлтэй зовиур, эмгэг нийгэмд элбэг байна. Гэвч олон арван жилийн турш хэрэглэж ирсэн өрнийн анагаах ухаанд ийм онош, ойлголт огт байдаггүй учраас хүмүүс энэ өвчний шинж тэмдгийн талаар хангалттай хэмжээний мэдлэг, мэдээлэлгүй байдаг билээ.

Манба Дацан” эмнэлгийн их эмч Г.Ган-Эрдэнэтэй хий өвчний төрлүүд болон нийтлэг илэрдэг шинж тэмдгүүдийн талаар ярилцаж, тодрууллаа.

-Гал тэгшитгэгч хийний ач холбогдол болон энэ хий хямрахад биед ямар сөрөг үр дагаврууд илэрдэг талаар ярьж өгөөч?

-Гал тэгшитгэгч хий ходоодонд оршиж дотор гэдэс бүхэнд гүйх бөгөөд хоол ундыг шингээнэ, тунгалаг цөвийг ялгах ба хорлогдохууныг боловсруулна. Хүний биеийн долоон тамир буюу цус, мах, өөх, яс, чөмөг, эрэгтэй, эмэгтэйн дусал гэсэн ойлголт бий. Эрэгтэй, эмэгтэйн дуслаас өчүүхэн жаахан хэсэг нь зүрхэнд шим болж очдог байх жишээтэй. Тэр шим нь биеийг тамиржуулж байдаг. Гал тэгшитгэгч хий хямрахад эдгээр долоон тамирын зэрэгчлэнгээр үүсэх ёстой цикл алдагдчихдаг. Ямар үед алдагдах вэ гэхээр, нэгдүгээрт ходоодны галын илч доройтоход.

Хүмүүс турахын тулд усан мацаг барьж байна, эсвэл өглөө өлөн дээрээ их хэмжээний литр ус уух ёстой гэж үздэг. Гэтэл энэ маань ходоодны галын илчийг ихээр дарангуйлж байдаг. Гал дээр ус хийхээр унтардагтай яг ижилхэн гэж ойлгож болно л доо.

Ийм зуршлыг удаан хугацаанд дадуулаад ирсэн хүмүүсийн бие хавагнасан байдаг. “Өглөө өмсөөд гарсан гутал орой ажлаа тарах үед таарахаа больчихсон байна” гэсээр манайд хандаж байсан өвчтөн цөөнгүй бий. Энэ бол цайвар хаван бөгөөд хавангийн хамгийн хөнгөн хэлбэр. Зарим хүн үүнийгээ богино хугацаанд таргалж, тураад байна гэж ойлгодог.

Цайвар хаван хүндэрсээр хамгийн сүүлд усан хаван болчихдог. Хавантахад элэгний үйл ажиллагаа доройтно, дотоод даралт ихсээд ирэхээр даралт ихсэнэ, зүрхэнд ачаалал өгнө, тэр их хаванг боловсруулж шээлгэж гаргаж байгаа бөөрөнд ачаалал өгнө.

-Уламжлалт анагаах ухаанаар энэ тохиолдолд ямар эмчилгээ хийдэг вэ?

-Ходоодны галын илчийг нь тэтгээд, ямар эрхтэн, хямарсан байна, түүнийг нь эмчлэхээр хаван нь ор тас байхгүй болчихдог. Хүмүүс цайвар хавангаас эхлээд усан хавантай болтлоо хамгийн багадаа 2-3 жил болчихсон байдаг. Удаан хугацаанд бий болдог гэсэн үг. Уламжлалт анагаах ухаанд үүнийг шалтгаантай нь эмчилдэг учраас тодорхой хугацаа шаарддаг. Гэхдээ үр дүнтэй, дахин тэр өвчин сэдрээхгүйгээр эмчилдэг.

Тийм учраас ходоодны галын илч маш чухал. Гал тэгшитгэгч хий хоол ундыг шингээхийн дээр дотор хийн гүйдлийг зохицуулж байдаг.

Хэвлий дүүрч, цардайн, жирэмсэн юм шиг цондгор болчихсон хүмүүс байдаг. Ингээд яваад байхаар хүн хоолны дуршилгүй болчихдог. Огиудас, бөөлжис нь хүрнэ.

-Уруу арилгагч хий ямар үүрэгтэй вэ?

-Уруу арилгагч хий хошногонд оршоод олгой давсаг, нууцын эрхтэн, гуяны дотор талаар гүйнэ. Дусал, цус, өтгөн, шингэн, сарын тэмдэг зэргийг зохицуулдаг. Энэ хий хямарсан үед эмэгтэйчүүдийн сарын тэмдэг алдагдах, хаагдах, өвдөлттэй ирэх, мөн бэлгийн үйл ажиллагаа хүртэл алдагддаг. Мөн унгаж чадахгүйгээс болж гэдэс дүүрэх хэвлийн доогуур хатгуулах, өтгөн гарахгүй байх зэрэг зовиурууд илэрдэг.

-Энэ таван хийн хямрал тус тусдаа илэрдэг шинж тэмдэгтэй гэж ойлгож болох уу. Өөрөөр хэлбэл, аль ч хийн хямралын үед илэрдэг нийтлэг шинж гэж байдаг уу?

-Таван хий хямарвал тус, тусынх нь шинжийг л илрүүлнэ. Түүнээс гадна билгэ чанарын үүднээсээ хийн ерөнхий шинжүүд гэж бас бий. Тухайлбал, харвалт өгөөгүй мөртлөө хөшчихсөн, хөл гар нь атийсан, явж чадахгүй, хөдөлгөөн нь хязгаарлагдчихсан хүмүүс байна. Энэ бол хийн атийх, хөших шинж тэмдэг.

Мөн цээжин биеэр хатгуулна, эхүүн амт амтагдана. Даарч чичирнэ. Халуураагүй мөртлөө бие арзайгаад, чичрээд байдаг. Сүүж, бэлхүүс, яс үесээр өвдөнө, эвэршээл ихтэй болж, амархан уурлана, сэтгэл санаа тогтворгүй болно. Баярлаж гомдох, уйлах нь амархан болно, нойрондоо муудна, гэдэс цанхайж дүүрнэ, хөөж хоржигноно. Үүр, үдшийн цагаар хөөстэй цэр их гарна. Ханиад хүрээгүй мөртлөө цэр их гардаг нь ийм учиртай. Сэтгэл санаа тавгүй болно. Өвдөлт зүрх, эсвэл ууц, нуруу бэлхүүс, толгой гэд хаа сайгүй мэдрэгдэнэ. Аль нэг газартаа тогтвортой байдаггүй гэсэн үг.

Хий өвчинд турж эцнэ, сэтгэл санаа тогтворгүй, амархан гомдоно. Баас хатах хам шинж ихээр илэрнэ. Өтгөн хатаж хоргол адил гарна. Толгой эргэнэ, тамиргүй болно, нойр муудна, турна. Бие хатангиршина. Аль нэг мөч нь жижигхэн болоод цусны эргэлтгүй болно. Илж хүрэлцэхэд мэдээ муутай болох гэх мэт. Хөл хатингаршвал мэдрэлжүүлэлт нь багассаар байгаад суумгай болох тал бий. Гар хөдөлгөөнгүй болж атийж хумигдах зэргээс болж хөгжлийн бэрхшээлтэй болох аюултай. Бүх бие янгинан, залхуурна, хөшнө. Ийм шинж тэмдэгтэй хүмүүс сүүлийн үед олширч байна.

-Илэрч буй зовиураа ажиглаад хүн өөрөө чухам аль хий нь хямраад байгаагаа тодорхойлох боломжтой юу?

-Яг хий өвчин мөн үү, үгүй юү гэдгийг зөвхөн уламжлалт анагаах ухааны эмчийн оношлогоогоор тогтоодог. Яагаад гэхээр хий өвчинг шар, бадганатай хавсрах нь бий. Хавсарсан байна уу, хурсан байна уу гэдгийг оношлоно.

Тэгэхээр хийн өвчин мөн гэж оношилсон тохиолдолд тухайн өвчтөнд ямар эмчилгээ хийхийг зөвхөн уламжлалт анагаах ухааны эмчийн оношлогоонд суурилж гаргана. Зүгээр нэг илээч, бариа засалч нар хүмүүст хийн эмчлгээг зөвлөж байгаа нь буруу.

-Хүний биеийн аль хий хямарсныг уламжлалт анагаах ухааны эмч нар ямар аргачлалаар оношилдог вэ?

-Бид өвчтөнөө анх үүдээр орж ирэхээс нь эхлээд ажигладаг. Удаан явж байна уу, хөдөлгөөн нь хязгаарлагдсан байна уу, нүүр, ам нь цонхигор байна уу, арьс салстынх нь өнгө ямар байна, уур, бухимдалтай, гунигтай, дуу султай байна уу гэх мэтээр хүний өөрийн мөн чанар болон өвчний эрхээр хий, шар, бадганын аль мөн чанарт орсныг нь ажиглана гэсэн үг. Энэ бол харах шинжилгээ. Хоёрдугаарт, асуух шинжилгээ гэж бий. Зовиурыг нь асууна, илэрсэн зовиур, өвдөлтөөс шалтгаалаад чухам аль хий нь хямарсныг тогтоох асуултуудаа тавина.

Дараагийнх нь хүрэлцэх шинжилгээ буюу судас оношлогоо. Хий, шар, бадганаа ялгана. Бидний нэг хурууны өндөг хоёр хуваагаад хоёр эрхтнийг мэдэрдэг. Энэ зургаан хуруу маань нийтдээ 12 цул сав эрхтэн дээр шинжилгээ хийдэг гэсэн үг. Ингээд өөрчлөлт мэдэрсэн хэсэг дээрээ тулгуурлаад тэр талынх нь асуултыг асуудаг.

Дараагийн шатанд шээсээр оношлоно. Манай эмнэлгийн нэг давуу тал нь өвчтөнийхөө шээсийг өдөр болгон авдаг. Өглөөний өлөн шээсийг тэр даруйд нь, бүлээн байхад нь ажиглана. Дараа нь хөрсөн, бүлээн хоёрын завсарх шээсийг харна. Ингээд бүр хөрснийх нь дараахь шинж тэмдгийг гэх мэтээр шээсэн дээр гурван цаг, есөн ёсоор шинжилнэ. Тухайн хүний өвчин хуурмаг байна уу, хий мөн үү, нуугдсан байна уу гэх зэргээр маш олон төрлийн оношийг шээсээр гаргах боломжтой. Ийм олон зүйлээр оношоо баталгаажуулаад дараа нь эмчилгээний тактик боловсруулж эмчилгээгээ хийнэ.

-Хий өвчний эмчилгээний нийтлэг арга гэж байдаг уу?

-Өвчнийг хамгийн түрүүнд хоол хүнсээр, дараа нь явдал мөрөөр нь, эмээр эмчилнэ. Уламжлалт анагаах ухаанд эдгээрээр эмчлэгдэхгүй байвал заслаар өвчтөнөө эмчилдэг. Эмнэлэгт ихэнхдээ өвчин нь хүндэрсэн хүмүүс ирдэг. Бид өвчтөнөө хэвтэх 10 хоногийн хугацаанд идээ унд, явдал мөр, эм, заслаар эмчилдэг.

manbadatsan.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …