Улаанбаатар, Нур-Султан хотууд ах дүүгийн харилцаат хотууд боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 10-12-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамины урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын гишүүд багтсанаас гадна Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нарын албаны хүмүүс оролцлоо.

Айлчлалын эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Аскар Узакпаевич Мамин нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээрээр харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө бүх салбарт идэвхийлэн ажиллах нь зүйтэй гэдэгт талууд санал нэгдэв.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотын дарга Алтай Сейдирович Кульгинов нар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Нур-Султан хот хооронд ах дүү хотын харилцаа тогтоох хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Түүнчлэн Ерөнхий сайдын албан ёсны айлчлалын хүрээнд Иргэний болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай, Боловсролын салбарт хамтран ажиллах тухай, Боловсролын баримт бичиг, эрдмийн зэрэг, цолыг харилцан хүлээн зөвшөөрөх тухай, Мал эмнэлэг, хорио цээрийн салбарт хамтран ажиллах тухай зэрэг бичиг баримтад холбогдох албаны хүмүүс гарын үсэг зурлаа.

Айлчлалын хүрээнд аравдугаар сарын 11-ны өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханыг Нур-Султан хотын дарга Алтай Сейдирович Кульгинов хүлээн авч уулзав. Уулзалтаар санамж бичигт тусгагдсан ажлуудыг эрчимжүүлэх чиглэлд онцгойлон анхаарч хамтарч ажиллах, хоёр улс соёл, цаг уурын хувьд төстэй учраас аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагаа цаашид улам хөгжүүлэхээр санал солилцов. Мөн Нур-Султан хотын дахин төлөвлөлт, орон сууцжуулалт болон ногоон байгууламжаас туршлага судалж, хамтарч ажиллахаар болсон юм.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Метроны төслийг улс төр, сонгуультай бүү хутгаасай

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх …