Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.А.Назарбаевт бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Анхны Ерөнхийлөгч – Елбасы, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Н.А.Назарбаевт бараалхав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Казахстан Улс хурдацтай хөгжиж, Азийн бүс нутаг төдийгүй олон улсын тавцанд Казахстаны нэр хүнд өсч, байр суурь нь бэхжиж байгаад баяр хүргэхийн сацуу Анхны Ерөнхийлөгч Н.А.Назарбаевын санаачилсан “Казахстан – 2050”, “Нурлы Жол (Гэрэлт зам) – ирээдүйд хүрэх зам” хэмээх үндэсний хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж буйг тэмдэглэв.

Н.А.Назарбаев хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр дорвитой ажлууд хийгдэх шаардлагатай байгааг онцлоод, БНХАУ-ын Чиндао хотноо 2018 онд болсон ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаж байснаа дурсав. Мөн тэрээр Монгол Улсын 120000 казах үндэстнийг Монгол, Казахстаны харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг тухай тэмдэглэв.

Дээр дурдагдсан Чиндао хотноо болсон хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр яригдсан зүйлүүд ажил хэрэг болсон тухай Монгол Улсын Ерөнхий сайд дурдав. Тухайлбал, Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны Засгийн газар хоорондын комиссын хуралдаан 2018 онд Нур-Султан хотноо амжилттай болж, Улаанбаатар, Нур-Султан чиглэлийн шууд нислэг энэ оны 6 дугаар сараас нээгдсэн зэргийг дурдав. Мөн тэрээр Казахстан Улсын Ерөнхий сайд А.У.Мамин албан ёсны хэлэлцээний үеэр Улаанбаатар, Алматы чиглэлийн нислэг нээх асуудлыг дэмжсэнд баяртай байгаагаа илэрхийлэв.

Казахстаны Анхны Ерөнхийлөгч Н.А.Назарбаев ийнхүү 25 жилийн дараа болж буй Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалыг хоёр орны харилцааг хөгжүүлэхэд түлхэц өгнө гэж итгэж буйгаа илэрхийлээд, дээд, өндөр түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулахын чухлыг тэмдэглэв.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …