Х.Баделхан, Д.Сарангэрэл, Б.Наранхүү нарыг Ёс зүйн дэд хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн (2019.10.09) хуралдаанаараа “Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хороодын гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай  тогтоол батална. Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх тухай тогтоол батлагдсанд тооцно” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6-д “Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын болон Ёс зүйн дэд хорооноос бусад дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох бөгөөд дэд хорооны бүрэлдэхүүний тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байна” хэмээн заасан байдаг байна.

Хэлэлцэж буй асуудлыг Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Засгийн газрын гишүүнээр ажиллаж байгаа учраас Х.Баделхан, Д.Сарангэрэл нарын гишүүд дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөгдөх хүсэлт ирүүлсэн байна. Тиймээс Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс дээрх хоёр гишүүнийг чөлөөлж, оронд нь Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Тогтохсүрэн нарыг оруулах саналыг тэрбээр танилцуулсан.  

    Мөн Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, Ёс зүйн дэд хорооны гишүүн Б.Наранхүүг хүсэлтийнх нь дагуу дэд хорооны гишүүнээс чөлөөлж, оронд нь Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдоржийг оруулах саналаа танилцууллаа. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 90 хувь нь “Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжив. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. 

Санал болгох мэдээ

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, …