С.Амарсайхан:Айлуудад угаарын хий мэдрэгчийг үнэгүй суурилуулна

Ойрын өдрүүдэд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас зургаан иргэн амь насаа алдаж, 100 гаруй хүн эмнэлэгт хандсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын өнөөдрийн /2019.10.09/ ээлжит хуралдаанаар гэр хорооллын айл өрхөд угаарын хий мэдрэгч суурилуулах асуудлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас оруулж, хэлэлцүүлсэн байна.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Угаарын хий мэдрэгч суурилуулах, айл өрхүүдэд тараах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүллээ. Сайжруулсан түлшний хэрэглээг жигдрүүлэх, хэвшүүлэх шаардлагатай байна. Иргэд олноороо амь нас эрүүл мэндээрээ хохирч байгааг зогсоох үүднээс арваннэгдүгээр сарын 1-нээс өмнө айл өрхүүдэд угаарын хий мэдрэгч төхөөрөмж суурилуулахаар боллоо.

Улаанбаатар хотын нийт 200 мянган гэр хорооллын айл өрхийн судалгааг нарийвчилж гаргана. Айлуудад аль төхөөрөмж нь илүү тохиромжтойг мэргэжлийн байгууллага судалж байж сонгоно. Төхөөрөмж ямар үнэтэй байхыг мэдэхгүй байна. Үнэ нь 30 мянгаас 300, 400 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Бид хамгийн чанартай, стандартын шаардлага хангасан, хямд үнэтэй төхөөрөмжийг сонгоно. Айл өрхүүдэд нэг удаа үнэгүй суурилуулна. Иргэдийн эрүүл мэнд, амь насыг агаарын бохирдлоос хамгаалах нь чухал байна. Арваннэгдүгээр сараас өмнө бүх айлд төхөөрөмжийг суурилуулна” гэж мэдэгдлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …