“Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес форумыг зохион байгуулна

“Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес форум Монгол Улсад 2019 оны аравдугаар сарын 28,29-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Уг Форумыг “Экспорт олон улсын худалдааны төв” (EITC), ХХААХҮЯ, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Үндэсний хөгжлийн газар, Монголын Үндэсний Брэндийн зөвлөл, Хөгжлийн банк зэрэг төрийн болон төрийн бус, бизнесийн олон байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Зохион байгуулагчдын зүгээс “Экспорт Монгол-2019” олон улсын анхдугаар бизнес форумын ач холбогдлыг уул уурхайн бус нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, гадаад худалдааны нэгдсэн сүлжээг бий болгох тал дээр төр хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, экспортод гарч буй туршлага болон ололт амжилтыг таниулахад нэг алхам болох үйл ажиллагаа хэмээн үзэж байгаа юм.

Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны урьдчилсан гүйцэтгэлээр 25.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд нийт үйлдвэрлэлийн 33.3 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбар эзэлж байна. Аж үйлдвэрийн салбарын нийт борлуулалт 2018 онд 18.3 их наяд төгрөгт хүрсэн бөгөөд нийт борлуулалтын 4.6 их наяд төгрөг буюу 24.9 хувийг боловсруулах үйлдвэрлэлийн салбар эзэлж нийт борлуулалтын 12.6 их наяд төгрөг буюу 68.7 хувийг гадаад зах зээлд борлуулсан юм.

Монгол Улс хөдөө аж ахуйн гаралтай экологийн цэвэр бүтээгдэхүүнээ нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгохын тулд боловсруулах салбартаа ихээхэн анхаарал хандуулж төрийн бодлогоо чиглүүлж байна.

Иймд нэг талаас манай улсаас экспортод гарах боломж бүхий нөөцтэй, бизнесийн ирээдүйтэй бүтээгдэхүүнтэй танилцах нөгөө талаас харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх мөн энэхүү харилцааг төр засгаас хэрхэн бодлогоор дэмжих талаарх олон талын энэхүү уулзалт, санал санаачилга, шинэлэг мэдээлэл бүхий форумд Хөрөнгө оруулагч, бизнесийн байгууллагуудыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Оролцогч аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд уг олон улсын форумын үеэр бизнесийн төслөө танилцуулах, хөрөнгө оруулалт татах, харилцан мэдээлэл солилцож, ганцаарчилсан уулзалтад оролцох боломжтой бөгөөд олон улсын анхдугаар форумд оролцох бүртгэл болон дэлгэрэнгүй мэдээллээ exportmongolia.org цахим хаягаар, 976- 95033019 утсаар авах боломжтой юм.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.