Жүжигчин Т.Бархүү охинтойгоо хамтран дуулсан “Хөөрхөн ээжтэй охин” киноны дууны клип цацагдлаа

Монгол улсын гавьяат жүжигчин И.Одончимэг, Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Т.Бархүү нарын охин Б.Сүндари кино урлагийн салбарт хөл тавьсан тухай бид өмнө мэдээлсэн. Авьяаслаг охин Б.Сүндари “Тэнгэр” продакшний бүтээл “Хөөрхөн ээжтэй охин” киноны гол дүрд жүжигчин Б.Ариунцэцэгтэй хамтран тоглосон билээ. “Хөөрхөн ээжтэй охин” киноны зохиолыг МУГЖ И.Одончимэг бичиж тус кинонд ерөнхий найруулагчаар ажилласан юм.

Тэгвэл энэ сарын 18-нд нээлтээ хийх “Хөөрхөн ээжтэй охин” уран сайхны киноны дууг бяцхан Б.Сүндари охин аавтайгаа хамтран дуулж, дүрсжүүлжээ. “Хөөрхөн ээжтэй охин” киноны дууг Real records-д бичүүлсэн бөгөөд продюсероор реппер Gee ажилласан байна. Харин клипний зураг авалтыг аав охин хоёр Хонконгд авахуулсан байна.

Хошин урлагийн чадварлаг жүжигчдийн залгамж халаа болсон Б.Сүндари охин өмнө нь 2018 онд “Х-Түц” продакшны сар шинийн баярт зориулсан “Ийм нэгэн өдрүүд” баярын тусгай зохиомжид тоглосон бол энэ удаад бүрэн хэмжээний уран сайхны киноны гол дүрд тоглолоо.

Түүнийг NTV телевизийн “Чөлөөт эмэгтэйчүүд” нэвтрүүлэгт аавтайгаа хамт оролцох үеэр хөтлөгч “Ирээдүйд ямар мэргэжилтэй болох вэ” гэж асуухад Б.Сүндари “Би жүжигчин”болно гэж хариулсан байдаг.

Харин жүжигчин Т.Бархүү энэ тухай “Би арван жилд байхдаа жүжигчин болно гэдгээ мэдэж байсан бол өдийд арай өөр төвшинд байх байсан байх гэж боддог болохоор охиноо жоохон дэмжисхийгээд л явдаг юм. Үнэхээр дуртай юу, үгүй юу гэдгийг нь шалгаж үзээд л байгаа. Энэ насан дээр нь гоё тамгалаад гэдэг шиг нэг уран сайхны кино хийх гэж энэ жил нэлээн зүтгэлээ. Тэгээд охиноо тоглуулъя гэж бодож байсан энэ жил арай амжсангүй. Ирэх жил хүүхдийн, гэр бүлийн кино хийчих юм сан гэж бодож байгаа” хэмээн хариулж байсан билээ.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл

Comments are closed.