Үндэсний хорооны даргаар УИХ-ын даргын зөвлөх Д.Бадарч сонгогджээ

Монгол Улсын Их Хурлын даргын санаачилгаар УИХ-ын Тамгын газар, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Шинжлэх ухааны академиас ЮНЕСКО-гийн Нийгэм хүмүүнлэгийн сектортой хамтран ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн хүрээнд “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт семинарыг 2019 оны 7-р сард Улаанбаатар хотод зохион байгуулсан билээ. 

Тус семинарын оролцогчид Монгол Улсад нийгмийн тэгш бус байдлыг бууруулахын тулд шинжлэх ухааны байгууллага, шийдвэр гаргагчид хоорондын ажлын уялдаа холбоог сайжруулах, зохих чадавхыг бүрдүүлэх зорилгоор ЮНЕСКО-гийн “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрт манай улс хамрагдах нь зүйтэй гэсэн санал гарч, цаашид судлан шийдвэрлэхийг семинарыг зохион байгуулсан байгууллагуудад чиглэл болгосон.

Энэ асуудлыг Улсын Их Хурлын Тамгын газар, Шинжлэх ухааны академиас судлан үзээд ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын зөвлөмжийг авч, “Нийгмийн өөрчлөлтийн удирдлага” хөтөлбөрийн үндэсний хороог байгуулахаар болжээ. Улмаар Удирдах зөвлөлийг бүрдүүлж, тус хорооны тэргүүнээр Улсын Их Хурлын даргын нийгмийн бодлогын асуудал хариуцсан зөвлөх, доктор, профессор Д.Бадарчийг санал нэгтэй сонгов.Үндэсний хорооны тэргүүнээр сонгогдсон доктор, профессор Д.Бадарч нь НҮБ-ын харьяа ЮНЕСКО-д олон жил удирдах албан тушаал хашсан туршлагатай эрдэмтэн юм. Тус хороог байгуулснаар манай улс ЮНЕСКО-гийн холбогдох байгууллагад саналаа хүргүүлж, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж байна.Тус хөтөлбөрт хамрагдсанаар Улсын Их Хурлаас батлан гаргах хууль тогтоомжийг шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоонд суурилсан судалгаа, лавлагаа, мэдээллээр хангахад шинжлэх ухааны байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, нийгмийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг судлан шийдвэрлэх чиглэлээр ард түмэнд өгөөжөө өгсөн шийдвэр гарган хэрэгжүүлэх боломж бүрдэх юм.   

Холбоотой мэдээлэл

Comments are closed.