Чуулган парламентын түүхэнд байгаагүй хамгийн олон өдөр буюу 69 өдөр үргэлжилжээ

 УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганы өчигдрийн (2019.09.30) нэгдсэн хуралдаан 53.3 хувийн ирцтэйгээр 15 цаг 33 минутад эхэлж Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэв. Энэ талаар цэцийн гишүүн  Б.Буяндэлгэр танилцууллаа. 

    Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцжээ. 

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалтад “хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ.” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэснийг зөрчөөгүй байна хэмээн Үндсэн хуулийн цэц дүгнэсэн байна. 

    Уг дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, тодруулга хийх шаардлагагүй хэмээн Улсын Их Хурлын гишүүд үзсэн юм. Иймд УИХ-ын 2019 оны ээлжит бус чуулганыг хааж, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. 

  Тэрбээр “Энэ чуулган манай парламентын түүхэнд байгаагүй хамгийн олон өдөр буюу 69 өдөр үргэлжилжээ. Нэгдсэн хуралдаан 14 удаа, 68 цаг хуралдсан байна. Нийт 23 асуудал хэлэлцэн, 275 удаа санал хураалт явуулжээ. Байнгын хороод 17 удаа, 25 цаг орчим хуралдахдаа 263 удаа санал хураалт явуулсан байна” гэлээ. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төсөл, саналыг Д.Лүндээжанцан нарын Улсын Их Хурлын 62 гишүүний төсөлтэй уялдуулах, зөвшилцөх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд ээлжит бус чуулган тавьсан зорилтоо амжилттай биелүүлсэн гэж дүгнэж буйгаа илэрхийлсэн. 

   Ийнхүү Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулган өндөрлөлөө.

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.