Т.Аюурсайхан: Монголын 69 дипломатч, улстөрчийг Польшид эрэн сурвалжилж байна

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан 69 иргэнийг Польшийн цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа талаар өнөөдөр /2019.09.30/ мэдээлэл хийлээ.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан“Польш улсын хуулийн байгууллагаас манай 69 иргэнийг эрэн сурвалжилж байгаа тухай мэдээ ирсэн. Тэдний зарим нь дипломат төлөөлөгчийн газар, зарим нь төрийн албанд, тэр ч бүү хэл улс төрийн нам удирдах хэмжээнд ажиллаж байгаа. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон хүмүүсийн асуудлыг хоёр удаа хаалттай хэлэлцсэн. Ингээд тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөөд, хамтарч ажиллаж байгаа. Энэ нэр холбогдсон хүмүүсийг дипломат болон төрийн албанаас яаралтай чөлөөлөхийг шаардсан. Гадаад улсад үйлдэгдсэн хэргийг Монголд шалгах чиглэлийг хуулийн байгууллагад өгсөн.

Польш улсаас ирүүлсэн 69 хүний мэдээллээс эхний ээлжинд зургааг нь танилцуулъя. Одоогоор эдгээр зургаан хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөөд байгаа” хэмээгээд, тэрхүү зургаан хүний нэрийг зарласан юм.

Үүнд:

Х.Даваадорж /Бельги улсад хил дамнасан хууль бус наймаанд оролцсон. 2009 оноос хойш эрэн сурвалжлагдаж байгаа ч түүнээс хойш удаа дараа дипломат албанд томилогдсоор байсан/

Б.Болор /Х.Даваадоржийн гэргий. Мөн одоог хүртэл эрэн сурвалжлагдаж байгаа/

А.Батсайхан /БНЛУ-аас чөлөөлөгдсөн. 2002-2003 онд Польш улсад түр ажиллаж байхдаа хууль бус наймааны хэрэгт холбогдон, эрэн сурвалжлагдаж байгаа/

Т.Мөнхбат, С.Эрдэнэбаяр нар /Турк улс дахь Консулын газар ажиллаж байхдаа хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д саатуулагдсан/

С.Эрдэнэ /2004 оны есдүгээр сард Германд саатуулагдан шалгагдаж байсан/ нар багтаж байна.


Тэрээр мэдээлэл хийсний дараагаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсээс хэд нь төрийн албанд ажиллаж байна вэ?

-Энэ хүмүүс төрийн албанд ажиллах үндэслэлгүй. Гадаадад улс оронд хууль бус наймаанд оролцоод Монголдоо аж ахуйн нэгж ажиллуулах хэлбэрээр ажилласан бол мөнгө угаах гэмт хэрэг болно. Хууль бус эх үүсвэрийн мөнгийг хууль ёсны болгож харагдуулах үйл явц гэж үзэх үндэслэлтэй учраас энэ хүмүүсийг цагдаа, тагнуулын байгууллагаар шалгуулж байгаа. Тагнуулын байгууллагаар шалгагдаж байгаа олон хүн бий. 69-өөр хязгаарлагдахгүй. Эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүс дотор одоо ЗГХЭГ-т ч ажиллаж байгаа хүмүүс ч бий. Байнгын хорооноос Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдад эдгээр хүмүүсийг албан тушаалаас нь чөлөөлөх чиглэл өгсөн. Эхний ээлжид зургаан хүнийг албан тушаалаас нь чөлөөлүүлээд байна. Үүнийг ойрын үед УИХ-аар оруулж хэлэлцүүлнэ.

 

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …