“Сарьдагийн хийд” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Өндөр гэгээн Занабазарын уран бүтээлийн ордон болох нь тогтоогдсон Сарьдагийн хийдтэй холбоотой үзэсгэлэн өчигдөр /2019.09.27/ Үндэсний музейд нээлтээ хийлээ.

ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн үндэсний шинжилгээний анги Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Сарьдагийн хийдэд зургаан жилийн турш малтлага, судалгаа, шинжилгээ хийсэн. Үүний дүнд энэ хийд Халхын Өндөр гэгээн Занабазар 1654-1686 оны хооронд байгуулсан Рибогэжайлин ганданшадублин буюу Номын их хүрээний туурь болохыг нотолж, ховор олдвор, дурсгалуудыг нийтэд толилуулж байгаа юм. Тухайлбал, язгуурын таван бурхны цогц дурсгал болох 3000 орчим бурхан илэрсний 1000 бурхныг Өндөр гэгээний Ногоон дара эхийн хамт залжээ.

Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр хийдийн загвар макет, сэргээсэн зураг, дэвсгэр зураг, танилцуулга, Өндөр гэгээний он цагийн дарааллыг харуулна. Сарьдагийн хийдийн бүтээн байгуулалтыг харуулсан 3D анимэйшн, малтлага судалгааг харуулсан баримтат кино, зураг дүрсний слайд шоуг үзүүлэх аж.

Мөн баримтат кино, холограм зураг үзүүлэх зэрэг технологийн дэвшлүүдийг ашиглахаас гадна “Сарьдагийн хийд”-ийн олдворуудыг бүрэн хамруулсан эрдэм шинжилгээ судалгааны каталогийг танилцуулахаар бэлэн болгожээ. Мөн олон нийтэд зориулж “Өндөр гэгээн болон түүний өв” сэдэвт цуврал лекцийг эрдэмтэн судлаачид унших, хүүхэд багачууд үзэгчдэд зориулсан шашны урлагийн боловсролын хөтөлбөрийг хуваарийн дагуу явуулах юм.

Өндөр гэгээн Занабазар нь хөөмөл, шавар урлал, уран барилга, зураасан зургийн төлөөлөгч, тухайн цаг үеийнхээ улс орнуудтай харилцдаг, жинхэнэ Азийн Мекаланжело байсныг судалгааны дүн нотолсон тухай ШУА-ийн түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал, академич С.Чулуун хэлэв. Сарьдагийн хийд XIII зууны Монголын төдийгүй бүс нутгийн соёл, улс төр, худалдааны томоохон төв болохыг гэрчлэх олдворууд илрээд байгаа юм. Мин улсын үеийн шаазан цом, аяга, Юань улсын үеийн ваар, Монголын Эзэнт гүрний үеийн сумны зэв болон бусад улсын зоос, галт буу, нарны цаг зэргийг дурдаж болно.

Сарьдагийн хийдийн дурсгалд 12 барилга, хоёр суварга, шороо, чулуун хэрмийн тус бүр нэг дурсгал бүртгэгдээд байна. Хийдийн барилгууд түвд загвартай боловч монголын уламжлалт уран барилгын төрөл зүйлс шингээсэн байжээ.

“Сарьдагийн хийд” үзэсгэлэн 2019 оны арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл Үндэсний музейд гарна.

 

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …