Уран барималч А.Очирболд “Норд-Арт 2019”-ын дээд шагнал хүртжээ

Жил бүр ХБНГУ-ын Бюделсдорф хотноо “Норд-Арт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнг уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн 21 дэх удаагийн үзэсгэлэнг зургадугаар сарын 1-нээс аравдугаар сарын 13-ны өдрийг хүртэл зохион байгуулж байна. Уг үзэсгэлэнд Монголын уран бүтээлч, барималч А.Очирболд “Дэгрээ” хэмээх бүтээлээрээ оролцож, “Норд-Арт 2019” дээд шагналын эзнээр тодорчээ. Түүний бүтээл 21x17x3.2 метр хэмжээтэй томоохон төмөр баримлын инстоляц бүтээл ажээ.

А.Очирболдын хүртсэн дээд шагналыг “Норд-Арт 2020” үзэсгэлэнд урилгаар оролцох эрх, 10 мянган еврогийн мөнгөн шагнал дагалдах аж. Уран барималч А.Очирболд нь 2015-2019 оны хооронд тасралтгүй таван жил уг нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд шалгаран оролцож байгаа юм.

Тэрбээр 2015 онд Норд-Арт симпозиумын хүрээнд бүтээсэн “Дэлхийд хүн жин нэмээгүй” бүтээл нь үзэгчдийн таашаалд ихэд нийцэж, “Норд-Арт 2015” үзэсгэлэнгийн “Үзэгчдийн нэрэмжит шагнал” хүртэж, Европ дахь уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлсэн түүхтэй.

Шагналын албан ёсны гэрчилгээ гардуулах ёслол “Норд-Арт 2020” үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагааны үеэр 2020 оны зургадугаар сарын 5, 6-ны өдрүүдэд болох юм байна.

 

Санал болгох мэдээ

Ухань хотын инновацын төвд хүн төрхтэй роботыг олон чиглэлд хөгжүүлэхээр судалж байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжилгын баг өнөөдөр Ухань хотын хүн төрхтэй робот хөгжүүлэх инновацын төвд …