Ц.Чулуунбат : “Харанга 30 жил – Замд гаръя…” тоглолтын үеэр Буянт-Ухаа цогцолбор руу 10 автобус үнэ төлбөргүй үйлчилнэ

Монгол Улсын рок хөгжмийн амьд домог “Харанга” хамтлагийн 30 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойг тохиолдуулан “Харанга 30 жил – Замд гаръя…” тоглолтыг аравдугаар сарын 19-ний өдөр “Буянт-Ухаа “ дахь спорт цогцолборт хийх болсон талаараа өнөөдөр /2019.09.23/ хэвлэлийн бага хурал хийлээ.


“Харанга 30 жил – Замд гаръя…” хуралд “Харанга” хамтлагийн ахлагч, МУГЖ Ц.Энхманлай, МУУГЗ Ц.Чулуунбат / гитарчин, дуучин/, МУГЖ Х.Лхагвасүрэн /гоцлол дуучин/,МУСТА Я.Одсүрэн /хэмнэлт гитарчин, /, МУСТА Н.Пүрэвдаш /бөмбөрчин, цохилуур хөгжимчин/ гэсэн бүрэн бүрэлдэхүүнээр оролцлоо.

Хэвлэлийн бага хурлын эхэнд “Харанга” хамтлагийн ахлагч, МУГЖ Ц.Энхманлай: Ардчиллын салхи сэвэлзэж байсан тэртээх 1989 оноос хойш 30 жил өнгөрчээ. Бидний 30 жилийн ой бол дан ганц Харангын баяр бус, Харангыг сонсдог сонсогчдын ч бас баяр. Анхныхаа бүрэлдэхүүнээр 30 жил оршин тогтносон хамтлаг дэлхий дахинд гарын таван хуруунд багтана. Манай 30 жилийн ойн тоглолтод маш олон байгууллага идэвх зүтгэлтэй дэмжин оролцож байгаад баярлаж талархсанаа илэрхийлье.

“Харанга” хамтлагийн дуучин, МУУГЗ Ц.Чулуунбат:Монголыг нэг гэр бүл гэж авч үзвэл гурван үеэрээ Харангыг сонсдог гэх мэдээлэл байдаг. Бид үүнийг мэдэрдэг. Энэ баяр бол бид бүгдийн нийт монголчуудын баяр учраас баяраа хамтаараа тэмдэглэнэ. Ойн  тоглолтоо Буянт-Ухаа цогцолборт ганцхан удаа хийнэ. Харангын ямар дууг хэн яаж дуулах нь нууц хэвээрээ үлдэг. Харангын фен клубийн гишүүдийн саналд үндэслэн, тоглолтын хөтөлбөрөө боловсруулсан.

Тоглолт 15:00 цаг эхлэх учраас та бүхэн хоол идэж, амарч, Харангын тоглолтод зориулсан пянз, CD цомог, бусад эд зүйлсийг худалдан авах боломжтой. Тоглолтод зориулан хотын төвөөс Харангын логотой 10 том оврын автобусыг хотын төвөөс Буянт-Ухаа цогцолбор руу өдрийн 12.00-24:00 цагийн хооронд аялуулна. Харангын тоглолтын тасалбартай хэн бүхэн тэр автобусаар үнэгүй үйлчлүүлэх боломжтой.

Тоглолтын үеэр хамтлагийн түүхийг өгүүлэх зургийн үзэсгэлэн гаргахаар болсон байна. Энэ талаар Соёлын Гавьяат Зүтгэлтэн С.Цогтбаяр:”Харанга” бол амьд домог. Нийгмээ өөрчлөх ардчиллын салхи сэвэлзэхэд, нийгмийн оюун санааны өөрчлөлтөд Харанга томоохон үүрэг гүйцэтгэсэн. Харангын дууны өнгө, ая, хэмнэл үнэхээр том нөлөө үзүүлсэн. Армийн үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн дэргэд Соёмбо хамтлаг 1978 онд байгуулагдсан. Энэ хамтлаг нь Харангын суурь болсон юм. “Харанга “хамтлаг анхны гэсэн тодотголтой олон амжилтыг эзэмшдэг. Дэлхийн стандартад нийцсэн анхны цомог, анхны видео клипийг “Харанга” л хийж байлаа. Ард түмний хайртай энэ хамтлаг маань удахгүй асар том тоглолтоо хийх гэж байна. Харанга хамтлагийнхны тоглож байсан гитар, эд хэрэглэл, цомгийн үзэсгэлэнг та бүхэндээ хүргэнэ.

“ Харанга 30 жил – Замд гаръя…” тоглолтод Монголын орчин үеийн шилдэг хамтлаг дуучид болох “Хурд”, “Нисванис”, “Madness”, “Fire”, “The lеmons”, “A sound”, “Rec on”, Гавьяат жүжигчин Д.Жаргалсайхан, Т.Ариунаа, Б.Сарантуяа, “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, гитарчин Д.Өлзий-Орших, дуучин С.Наран, Б.Чойжоо, альтернатив Х.Отгончимэг, “Киви”-гийн Д.Уламбаяр, Реппер Big Gee  нар оролцох юм.

“Харанга” хамтлаг тэгш ойгоо угтан 1997 онд гаргасан “Эрин зууны хөг”, “Best of Haranga”, 2000 оны “Бодлын тэнгис”, 2003 оны “Ертөнцийн өнгө” цомгоо дахин хэвлүүлж, сонсогчдодоо хүргэнэ. Мөн 30 жилийнхээ ойд зориулан шинэ уран бүтээлээс бүрдсэн цомгоо ирэх аравдугаар сард багтаан худалдаанд гаргахаар болжээ.

Түүнчлэн тус хамтлаг 30 жилийн ойн тоглолтоосоо өмнө шүтэн бишрэгчдэдээ олон гэнэтийн бэлэг барихаар бэлдсэний нэг нь тус хамтлагийн түүхийг өгүүлэх баримтат нэвтрүүлэг, реалити нэвтрүүлгийг хүргэхээс гадна “VOLUME 1” пянз гаргахаар болсныг дуулгахад таатай байна.

“ Харанга 30 жил – Замд гаръя…” тоглолтын тасалбарыг ticket.mn сайтыг ашиглан захиалах боломжтой бөгөөд тоглолтын тасалбар суудлын байршлаасаа хамаарч 30,000, 40,000, 60,000 төгрөгийн үнэтэйгээр өнөөдрөөс эхлэн борлуулагдаж эхэлсэн аж.

 

Г.Нараа

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …