Д. Баттуул: Амжилттайгаар хуримтлал үүсгэхийн тулд үргүй зардлынхаа тодорхой хувийг хадгаламждаа хийх хэрэгтэй

“Бид яагаад хуримтлуулж чаддаггүй вэ” гэх сэдвээр Монголбанкны ОНБМТ-ийн эдийн засагч Д.Баттуултай ярилцлаа. Тэрбээр мөнгөний талаарх үнэ цэнэ, мөнгө хуримтлуулах арга, туршлагаасаа хуваалцсан юм.  


-Мөнгө таны амьдралд хэр үнэ цэнэтэй вэ?

Юун түрүүнд мөнгө бол зорилго биш хэрэглээ гэж онцлон хэлье. Мөнгийг зорилгоо болговол тэр хүн хүн биш “бараа” болдог гэж боддог. Бараа болбол тухайн хүнийг ямар ч үнэт зүйлсээс нь салгаж, хэн ч худалдан авч чадна гэсэн үг.

Хүнд мөнгөөр сольж болшгүй, худалдаж авч чадахгүй үнэт зүйл гэж бий. Эх орон, газар шороо, аав ээж ах дүүс, өөрийн амьдралын зарчим, үзэл бодол, найз нөхөд гэх мэт. Тиймээс миний хувьд мөнгө үргэлж энэ бүхний ард байдаг. Мэдээж мөнгөгүй бол амьдрах хэцүү. Тэгэхээр мөнгө бол зорилгод хүрэхэд тодорхой хэмжээнд тусалдаг хэрэгсэл.

Мөнгө нь хүн төрөлхтний бүтээсэн оюун санааны хийсвэрлэл… Анх байгалийн бэлэн зүйл чулуу, металл, мах, мал амьтан, үр тариан хэлбэртэй байсан бол одоо бүр гараар ч барьж болохгүй цахимжсан байна. Ирээдүйд мөнгө дахин хувьссаар улам л боловсронгуй болох байх. Царайгаа таниулангуут шууд төлбөр хийгддэг гэх мэт улам хялбар болно гэж бодож байна. Тэгэхээр мөнгө бол хэлбэр дүрс нь үргэлж өөрчлөгдөж байдаг, үнэ цэнэ нь хэзээ ч буурдаггүй хүн төрөлхтний бүтээсэн салшгүй нэг арилжаа наймааны соёл, хэл юм.

-Зарим хүн мөнгийг хуримтлуулж чаддаггүй. Үрэлгэн зангаасаа ч юм уу, эсвэл цалин бага гэх шалтаг хэлдэг. Үүнд ямар зөвлөгөөг өгөх вэ?

-Мөнгөн хуримтлал үүсгэхийн тулд эхлээд мөнгийг хүндлэх ёстой гэж боддог. Надад 10 төгрөг байсан ч би яг л 20 мянган төгрөг шиг үнэ цэнэтэйгээр бодож хүндэлж ханддаг. Ажиглаад байхад хүмүүс бага дэвсгэртэд хүндэтгэлгүй хандаж базаж, урж, дээр нь юм бичдэг. Тийм ч учраас насжилт богино байдаг.

Мөнгөнд өөр өөрөөр хандаж буй нь эрх мэдэлтэй баян хүнд бялдуучилж, ядуу, эгэл жирийн хүнд дээрэнгүй хандах ялгаварласан харилцааг илтгэдэг. Баян ч, ядуу ч бай хүн бол хүн. Хүн гэдэг утгаар нь хүндлэх хэрэгтэй. Яг түүн шиг их, бага хэмжүүртэй байсан ч мөнгө бол мөнгө. Төрийн үнэт цаас шүү дээ. Хүндлэх хэрэгтэй. Ингээд мөнгийг хүндлээд эхэлбэл мөнгө дууддаг юм шиг надад санагддаг. Ер нь хуримтлалыг маш багаас эхэлдэг. Зарим хүний үл ойшоосон 100 төгрөг ирээдүйн 100 саяын хадгаламжийн эхлэл болдог юм шүү. Дуслыг хураавал далай гэдэг дээ. Хуримтлалтай болно гэдэг багаас эхлэх сэтгэл, зорилгодоо үнэнч зарчимч байх тэвчээр юм.

-Цалин сайтай байсан ч санхүүгээ амьдралдаа хүргэж чадахгүй, зээл тавьдаг хүмүүс бий. Тэдэнд юу хэлэх вэ?

-Миний бодлоор хүний орлого нэмэгдэхээр хэрэглээ нь дагаад өсчихдөг. Жишээ нь жижиг машинтай болсон бол одоо түүнийгээ том машин болгодог, байраа илүү ая тухтай үнэтэй хороололд сонгодог. Ингээд орлого нэмэгдсэн ч ялгаагүй өмнөх шигээ зээлийн дарамттай, хуримтлуулах мөнгөгүй явдаг. Өндөр хөгжилтэй орнуудад тийм үнэтэй машин унахыг чухалчилдаггүй. Тэд машиныг нэг цэгээс нөгөө цэг хүргэх зориулалттай гэж бодитоор хардаг учраас тэр. Яг үүн шиг Монгол хүмүүс сэтгэлгээгээ өөрчлөх нь чухал байна. Утасны дугаар авахын тулд 30 саяыг төлдөг хүмүүс байна, 300 саяын зээлээр машин авч унаж байна. 20-30 саяын хөөрөг барьж байна. Нэг л зүйлийг ойлгох хэрэгтэй. Хүний хүсэл хэзээ ч ханахгүй. Машинаа томсгосон ч дараагийн өөр загвар луу тэмүүлж л байдаг. Хэрвээ энэ хүслээ дагаад байвал хэзээ ч амьдралдаа сэтгэл ханахгүй том ангалд унана гэсэн үг. Тиймээс байгаадаа сэтгэл ханаж, хайртай хүмүүстээ талархаж амьдарвал амьдрал тийм ч хэцүү биш.

Бас Монголчуудын өрөнд баригддаг нэг том шалтгаан бол энэ олон баяр, наадам. Ихэнх нь зээл авч нижгэр найр хийхийг зорьдог. Яг үнэндээ бид сар болгон ямар нэг баяр тэмдэглэж байна. Бүгд ардаа их зардалтай. Баярлахдаа зээл тавин барин баярламааргүй байна. Хамгийн гунигтай нь зарим хүн өвөө, эмээгээрээ тэтгэврийн зээл авахуулаад баяр тэмдэглэдэг. Эмний мөнгөгүй болтлоо зээлэндээ бүх мөнгөө төлж байгаа гээд халаглан суух ахмадуудтай уулзаж байлаа. Уг нь тэд хийдгээ хийсэн учраас жаргаж суух учиртай биз дээ. Бид хөгшин эцэг эхийнхээ ойр зуурын хэрэглээ, эмний мөнгөөр баяр тэмдэглэж туйлж явах ёсгүй.

Хүн мэдээж өсөн дэвших хүсэл мөрөөдөлтэй байх ёстой. Гэхдээ их зүйл хэрэглэж биш, бага зүйлээс сэтгэл ханамжийг авч, илүү гарсан мөнгөө хуримтлуулж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, боломжийнхоо хэрээр амьдрах нь чухал.  Хуримтлуулж чадсан бол түүнийгээ өөрт хэрэгтэй чухал зүйлсдээ зарцуулж, мөрөөдлөө шат шатаар биелүүлэх хэрэгтэй шүү дээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Холбоотой мэдээлэл

Comments are closed.