Францын Страсбург хотноо болсон олон улсын яармагт Монгол Улс анх удаа зочин орноор оролцжээ

Францын Страсбург хотноо 9 сарын 6-16-ны өдрүүдэд болж өнгөрсөн 87 дахь удаагийн олон улсын яармагт Монгол Улс анх удаа зочин орноор уригдан оролцов. Тус яармагт жил бүр 900 аж ахуйн нэгж оролцож, 200,000 гаруй хүн ирж сонирхдог бөгөөд энэ жилийн үзэсгэлэн анх удаа нийт 40,000 м2 талбай газарт зохион байгуулагдлаа.

Яармагийн томоохон арга хэмжээнүүдийн нэг болсон Монголын Соёлын өдрүүд болон Страсбург дахь Дипломат төлөөлөгчийн газруудад Монголын соёлыг сурталчлах арга хэмжээг Элчин сайд А.Баттөр тус тус нээж үг хэлэв.

Яармаг зохион байгуулагдсан хугацаанд “Сарны чулуу” чуулгын уран бүтээлчид монголын язгуур урлагийн тоглолтуудыг хийж, франц хэл рүү орчуулж хэвлүүлсэн “Монголын нууц товчоо” номыг орчуулагч Г.Хишиг-Эрдэнэ, зураач Р.Батцэнгэл нар танилцуулж, монголын ноолуур, арьс ширийн компаниуд, уламжлалт анагаах ухааны эмч нар өөрийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүнээ нийт ирсэн зочдод сонирхуулав.

Монгол Улс энэхүү яармагт анх удаа зочин орноор оролцсон тул Страсбург хотын захиргаанаас зохион байгуулалтад ихээхэн ач холбогдол өгч, яармагт ирсэн зочид, төлөөлөгчид урлагийн үзүүлбэрүүдийг таалан үзэж, Монголын соёл, ахуйн амьдралтай танилцлаа.

Яармаг дахь монголын талын бэлтгэл ажлыг амжилттай зохион байгуулсан “Үүрдийн монгол” нийгэмлэгийн гишүүд болон тэргүүн Б.Эрдэнэхуягт ЭСЯ-ны зүгээс талархал илэрхийлж байна.

Энэ үеэр жил болгон Страсбург хотноо зохион байгуулагддаг Зул сарын яармагт Монгол Улсыг оролцуулах хүсэлтийг Элчин сайд Страсбург хотын захиргаанд тавилаа гэж ГХЯ-наас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …