“Монгол оронд минь тавтай морилоорой”

hural-middleӨнөөдөр Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын долдугаар бага хурлын чуулга уулзалтууд албан ёсоор эхэлж байна.

Хурал Төрийн ордны Их танхимд эхэлсэн ба хуралдааныг УИХ-ын гишүүн Р.Амаржаргал даргалж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нээн үг хэллээ. Түүний хэлсэн үгийг хүргэж байна.

Хурлын дарга аа,

Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг (АОХН)-ийн Иргэний нийгэм, Залуучууд, Эмэгтэйчүүд, Парламент, Бизнесийн чуулга уулзалтуудадоролцож байгаа хүндэт төлөөлөгч, зочид Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, Монголын ард түмэн, Шинэчлэлийн Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Дэлхийн өнцөг булан бүрээс цаг зав гарган нарлаг сайхан эх оронд минь хүрэлцэн ирж, Ардчиллын гол тулгуур болох иргэний нийгэм, залуучууд, эмэгтэйчүүд, Парламент, хувийн хэвшлийг хэрхэн оновчтой хөгжүүлэн дэмжих талаар хуран чуулах гэж буйд гүн талархлаа илэрхийлж байна.

Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүний хувьд бүс нутаг болон дэлхийн чанартай тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа ардчиллыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангахад чиглэсэн үйл хэрэгт хувь нэмэр оруулахыг хичээж ирсэн. Энэ бодлогын хүрээнд эгнээндээ 150 орчим орныг нэгтгэсэн АОХН-ийг тэргүүлэх эрхэм үүргийг 2011 оны 7 дугаар сард Литва улсаас хүлээн авсан. Энэхүү нэр хүндтэй хөдөлгөөнийг тэргүүлж, улмаар ардчиллын замаар замнасан туршлага, сургамжаасаа бусад улс оронтой хуваалцах хэмжээнд хүрч чадсан нь Монгол түмний маань чин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл төдийгүй Та бүхний тусламж дэмжлэгийн үр дүн болохыг энд онцлон тэмдэглэе.

АОХН-ийг даргалах хэмжээнд хүрэх зам дардан байгаагүй. Эдүгээгээс 23 жилийн өмнө буюу 4 дүгээр сарын 27-нд ид өрнөж байсан Ардчилсан хувьсгалын дүнд Монгол Улс улс төр, нийгэм, эдийн засгийн хуучин бүтцээ үндсээр нь өөрчилсөн юм. Өдгөө манай улсад хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэм бүрэлдэж, ардчилсан парламент, хараат бус шүүх засаглал, чөлөөт хэвлэл мэдээлэлтэй болсон.

Төр барих эрх сонгуулиар дамжин хэрэгжиж байдаг бөгөөд ард түмний гарт төр засгийн бүхий л эрх мэдэл оршиж байдаг энэ үнэтэй зарчмыг бид чандлан сахидаг юм.

Шударга сонгууль ардчилал оршин тогтнох, хөгжин бэхжихийн үндэс суурь билээ. Монгол Улс 1992 онд анхны Ардчилсан Үндсэн хуулиа баталснаас хойш УИХ-ын 6 удаагийн сонгууль болж нэг нам дангаар эсвэл хоёр намын хамтарсан, олон нам эвслийн эвссэн зэрэг олон хэлбэрээр Засгийн газар байгуулагдаж ирлээ. Энэ удаа Монгол оронд тэртээ 23 жилийн өмнө Ардчиллыг авчрахад оройлон оролцсон Ардчилсан нам  бусад намтай эвсэж Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулаад байна.

1.  Иргэдийн оролцоо

Ардчиллыг бэхжүүлнэ, түүнийг хамгаална гэдэг бол ард түмнээ эх орондоо  сайн сайхан амьдруулна гэсэн үг. Ямарч улсад өөрийн гэсэн бэрхшээл байдаг. Бид бэрхшээлийг хайгаад байвал өдөр бүр л түүнтэй нүүр тулах болно. Харин тухайн бэрхшээлийг даван гарах, төр засаг нь асуудлаа шийдэх хамгийн чухал арга зам бол Засаг төр нь иргэдтэйгээ хамтран ажиллах явдал юм. Тэр тусмаа юун түрүүнд иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх шаарлагатай. Ингэж гэмээнэ саяхан хөрсөнд буугаад буй Ардчиллын үнэт зүйлсийг хадгалж, цаашид улам хөгжүүлэх болно.

Аливаа улс орон цаг ямагт иргэддээ нээлттэй байх тэр боломжийг нэвтрүүлэхгүй бол ямарч сайн засаглалтай, ямарч сайн хүн эрх барьлаа гээд цагийн аясаар дарангуйлагч болон хувирдаг гэсэн Томс Жеферсоны үгийг санаж явах учиртай юм.

Иргэдийн оролцоог нэмэгдүүлнэ гэдэг өөрөө маш энгийн зүйлээс эхэлдэг. Өнөөдөр Монголын Засгийн газар иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх хэд хэдэн ажлыг хэрэгжүүлж эхлээд байна.

Бид ард түмнээ сонсож тэднийхээ санаа бодлыг төрийн үйл хэрэгт тусгах зорилготойгоор өдөр, цаг, минут тутам иргэдийг сонсох 11-11 төвийг байгуулсан юм. Утас, вэб хаяг, захидал харилцаагаар иргэдийн саналыг шууд хүлээн авснаар засгийн газар иргэд хооронд амьд холбоог бий болголоо.

Мөн Засгийн газрын үйл ажиллагааг үр дүнтэй болгохын тулд сар бүр яам, агентлагууд иргэдээ оролцуулан нийгэмд тулгамдаж байгаа тодорхой асуудлаар уулзаж ярилцдаг “Шинэчилж Шийдье 222” арга хэмжээ зохион байгуулж байна.

Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад 8 сар болж байна. Өнгөрсөн хугацаанд өглөө бүхэн Ерөнхий сайд миний өрөөнд олон олон судлаачид, мэргэжилтнүүд, иргэдийн бодит ажил хэрэг, шинэ санаа дэвшүүлсэн 400 гаруй presentation-тай танилцсан байна. Энэ нь Засгийн газрын үйл ажиллагаа иргэн бүртээ нээлттэй байж, хамтарч ажиллаж байгаагын тод жишээ юм.

2. Засаглал ил тод, тунгалаг байх

Иргэдийн оролцоог дэмжихийн нөгөө талд байх мартаж болшгүй чухал зүйл бол Засгийн газрын үйл ажиллагаа ил тод тунгалаг байх явдал юм. Иргэд Засгийн газрын үйл ажиллагааны юу нь тунгалаг байхыг хамгийн ихээр хүсдэг вэ гэвэл төсөв, санхүү юм. Тиймээс өнгөрсөн жил Монголын Засгийн газар хэвлэл мэдээлийн байгуулагуудтай хамтран анх удаа иргэдээ оролцуулан улсын төсвөө хэрхэн, юунд үр ашигтай зарцуулах вэ?  гэж хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Ийнхүү олон иргэдийн санаа бодлыг тусгасан төсөв гэдэг өөрөө иргэн төр хоёрын хооронд харилцан итгэлцлийг авчирдаг давуу талтай юм.

Шинэчлэлийн Засгийн газар тунгалаг, ил тод үйл ажиллагаа явуулна гэдэг Засгийн газрын гишүүн, сайд нарын үйл ажиллагаа ил тод, тунгалаг байхаас эхэлнэ. Тиймээс 7 хоног бүр Засгийн газрын нэг сайд иргэдтэйгээ онлайн уулзалт хийдэг “Өглөөний шинэ санаа” хэмээх арга хэмжээг зохион байгуулаад байна. Мөн долоо хоног бүр Засгын газрын нэг гишүүн олон нийтэд хийж буй ажлаа тайлагнаж байна. Ингэснээр нэг талаас тухайн сайд өөрийнхөө салбарт хийж буй ажлаа нийгмийн бүхий л хэсэгт танилцуулах, нөгөө талаас иргэдээсээ олон арван шинэ санаа авдаг давуу талтай.

Засгийн газрын ил тод, тунгалаг үйл ажиллагааг бид уулзалт, цуглаанаас гадна цахим ертөнцийн техник, технологийн дэвшилтэй салгаж ойлгож болохгүй юм. Засгийн газрууд иргэдтэйгээ цахим технологийн дэвшлийг хэдий чинээ сайн ашиглана төдий чинээ авилгал хээл хахууль, хүнд суртал арилж төсөв мөнгө, цаг хугацааг хэмнэх давуу талтай. Тиймээс бид орон нутаг, аймгууд, яам агентлагийн удирдлагуудтай сар бүр  видео хурал хийж байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.