Дорнод аймгийн Чойбалсан хотноо “Шигтгэмэл цуврал зургийн цогцолбор”-ыг бүтээжээ

Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын 2018 оны 195 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас соёл, урлагийн олон талт арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг илрэл нь Дорнод аймгийн Чойбалсан хотноо байрлах Монгол дайчдын хөшөөний өмнөх 60мталбайд “Халхын гол” сэдэвт монументаль ханын чимэглэл, шигтгэмэл цуврал зургийн цогцолборыг бүтээх ажлыг санаачлан хэрэгжүүллээ.

Нээлтийн үйл ажиллагааг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат, Дорнод аймгийн Засаг даргын орлогч, Халх гол Дорнод аймаг дахь ойг зохион байгуулах комиссын дарга Ш.Ёл нар нээв. Нээлтэд хүрэлцэн ирсэн албаны хүмүүс, ойг зохион байгуулах комиссын гишүүд болон Дорнод аймгийн ард иргэд энэхүү бүтээн байгуулалтыг орон нутагт нь бүтээсэн явдалд сайшаан талархал илэрхийллээ.

Анх 1971 онд Зайсан толгойн оройд Зөвлөлтийн дайчдын дурсгалын цогцолборыг босгож дотор талын дугираг ханан дээр нь Зөвлөлт-Монголын дайчдын дурсгалд зориулсан өнгөт чулуун шигтгэмэл зураг бүтээсэн байдаг.

Мөн 1989 онд Чойбалсан хотод Монгол дайчдын дурсгалд зориулсан хөшөө босгож хөшөөний ард талд нь нум хэлбэртэй ханан дээр дайны жилүүдийн үйл явдлыг харуулсан шилэн шигтгэмэл понарам зургийн цогцолбор бүтээжээ. Социализмын үед босгосон эдгээр шигтгэмэл зураг нь үйл явдлыг шууд бодитоор дүрсэлсэн реалист арга илэрхийлэлтэй чимэглэлийн зургийн бүтээл болсон юм.

Харин наян жилийн дараа буюу энэ онд дэлгэмэл понарам зургийн цогцолборын эсрэг талд түүхэн ялалтыг хүндэтгэн мөнхөлсөн агуулгатай шинэ шигтгэмэл зургийн цогцолборыг бүтээлээ. Уг бүтээлийг зураач Д.Будбаярын загвараар залуу уран бүтээлчид урлажээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.