Б.Аззаяа: Эрүүл хоолыг жигнэсэн ногоо, гурвалжин будаагаар хязгаарлах хэрэггүй

Өдөр бүр 45 мянган хүнд эрүүл зөв амьдралын тухай зөвлөгөө, мэдээ мэдээлэл хүргэж, нийгмийн хурдацтай амьдралд хөл нийлүүлэн яваа бүсгүйг “Өглөөний зочин” ярилцлагын булангийнхаа ээлжит зочноор урилаа.

Энэ бүсгүйг Бодьхүүгийн Аззаяа гэдэг. Тэрбээр хоол зүйч, зохистой амьдралын хэв маягийн дасгалжуулагч мэргэжилтэй. Харин 45 мянга гэдэг тоо бол түүний фейсбүүк хуудас дахь дагагчдын тоо юм. Бодьхүүгийн Аззаяаг ирэх есдүгээр сард “Зөв зоогло, сайхан амьдар” сургалтаа зохион байгуулах гээд завгүй явахад нь түүнтэй эрүүл зөв хооллолтын талаар ярилцлаа.


-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Сайн байцгаана уу? Өглөө.Мн сайтын уншигчдад энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Бодьхүүгийн Аззаяа гэдэг. Мэргэжлийн хувьд гэвэл хоол зүйч, зохистой амьдралын хэв маягийн дасгалжуулагч мэргэжлээрээ ажилладаг. Монголдоо Их сургуулиа төгссөнийхөө дараа Ирланд улсыг зорьж Institute Of Health Sciences-ыг хоол зүйч, зохистой амьдралын хэв маягийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.

Монголчууддаа хүргэх миний туйлын зорилго бол дэлхийн хамгийн сүүлийн үеийн эрүүл мэнд, хоол зүй, шим тэжээлийн судалгаан дээр үндэслэгдсэн мэдлэг мэдээллийг Монгол ахуйтайгаа холбоод аль болох ойлгомжтой, туйлшралгүй, тэнцвэртэйгээр эерэгээр хүргэх зорилготойгоор ажиллаж байна даа.

-Та ирэх есдүгээр сарын 21-ний өдөр бүсгүйчүүдэд зориулан “Зөв зоогло, сайхан амьдар” сургалтыг зохион байгуулах гэж байгаа. Таны сургалтад суухыг хүсч буй бүсгүйчүүддээ зориулан сургалтынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Миний сургалтаа хийх болсон шалтгаан маш энгийн. Миний бие хоёр хүүхдийн ээж болсныхоо дараа хүүхдүүддээ өгч буй хоол хүнс шим тэжээллэг тэдэнд хэрэгтэй зүйлсийг өгч буй эсэхдээ эргэлздэг, зохих зохихгүй хоол хүнс болно болохгүй буруу зөв нь мэдэгдэхгүй ойлголтуудад төөрөгдөн ихээхэн бухимддаг байсан. Энэ бүхнээс гаргалгаа хайна хоол хүнсэндээ анхаарлаа хандуулан, суралцсан зүйлсээ хэрэгжүүлээд эхлэхэд эрч хүч сайжирч ядралт багассанаас гадна олон зовиур ангижирч эхэлсэн. Тиймээс надтай адил асуудлуудтай тулгарч буй ээжүүд байгаа байх гэж бодон тэр хүмүүст байж болох гарц гаргалгааг нэг доор илүү цэгцтэйгээр ойлгуулж харуулахыг, мөн тэдний амьдралдаа хийж хэрэгжүүлж болох зүйлс алхмууд нь өөрсдөд нь тодорхой болгохыг зорьж буй сургалт юм.

Сургалтаараа цусан дахь сахар бидний идсэн хоол хүнстэй холбоотой хэрхэн хэлбэлздэг , бидний эрч хүч, эрүүл мэнд, аз жаргалтай байдалд хэрхэн нөлөөлдөг. Мөн хоол хүнсээрээ тэнцвэржүүлснээр чихрийн шижин хам төрөл хоёр болон бусад өвчлөлөөс хэрхэн сэргийлж болох ба амьдарч буй өдөр бүрээ хэрхэн арай илүү эрч хүчтэй, баяр баясалтай өнгөрүүлж болох талаар суралцдаг.

Тэнцвэржүүлэх хоол хүнс нь нүүрс ус, өөх тос, уураг зэргээс бүрдэнэ. Тэдгээрийн төрөл, гарал үүсэл, хэр хэмжээ, үйлдвэрлэл боловсруулалтын явцад юу болох зэрэг олон талаас нь шинжлэх ухаанч байдлаар харж сурах мэдлэгтэй болгохоос гадна, анхаарах зүйлсээ суралцан олон эргэлзээтэй асуултууддаа хариулт авдаг.

-Эрүүл зөв хооллолтыг хүмүүс амтгүй эсвэл хэт үнэтэй байдаг мэтээр ойлгодог. Мэргэжлийн хүний хувьд эрүүл хоол гэдгийг тайлбарлахгүй юу?

-Хүн болгон, улс үндэстэн болгоны хооллолтын талаарх мэдлэг, ойлголтууд өөр өөр байдаг.

Эрүүл хооллолтыг энгийнээр тайлбарлавал хүртэж буй олон төрлийн хоол хүнснээсээ өөрийн бие физиологийн хэрэгцээг хангахуйц шим тэжээл амин дэм, эрдэс бодисоо авч чадсанаар бие эрүүл, эрч хүчтэй, сэтгэл амгалан байхыг хэлж болох юм. Шим тэжээл арвин хоол хүнсэнд ихэвчлэн боловсруулагдаагүй, байгалийн бүтэц хэлбэрээ их алдаагүй, шинэхэн, шим тэжээлээр баялаг хоол хүнс багтана. Үүнд боловсроогүй үр тариа, самар, байгалийн жимс жимсгэнэ, олон төрлийн ногоо, гэмтээгүй өөх тос, уламжлалт аргаар боловсруулсан сүү цагаа идээ, зөв зохистойгоор үржүүлсэн малын гаралтай бүтээгдэхүүнүүд орно.

Үнэ цэнийн хувьд яривал дэлхий дээр тулгамдаж буй олон сөрөг асуудлууд хоол хүнс үйлдвэрлэлтэй холбоотой байдаг. Бид өөрсдийн хөдөлмөрөөрөө олсон мөнгөө тэдгээр зүйлсийг тэтгэх үү эсвэл зөв зохистойгоор хоол хүнсийг тарин ургуулж, үржүүлж байгаль орчны тогтвортой байдлыг хадгалж буй фермер хүнс үйлдвэрлэгчдээ дэмжих үү гэдэг сонголтыг өдөр бүр төлж буй мөнгөөрөө дамжуулан хийж байдаг.

Тиймээс хоол хүнс түргэн, хямд, хурдан байх тусмаа байгаль орчиндоо ээлгүй, хийж бүтээсэн хүний хөдөлмөрийг бүрэн үнэлээгүй, мөн таны эрүүл мэндэд халгаатай байх магадлал өндөртэй байх боломжтой байдаг.

Амт чанарын хувьд эрүүл гэгдэх хоол хүнсийг анхааран таалан таашааж бэлдэн хүртэхэд шим тэжээллэг байхаас гадна гайхалтай таашаал авахуйц байх, идээд дуусахад бие сэтгэл сэргэм, хөнгөн мэдрэмж төрүүлэхүйц өөртөө өөрийгөө хайрлаж тэтгэж буйдаа талархам мэдрэмжийг төрүүлэх боломжтой. Тэгэхийг тулд бид эрүүл хоолыг зүгээр нэг жигнэсэн ногоо, гурвалжин будаагаар хязгаарлах хэрэггүй.

Түүнээс бус сахар давс хурц боловсруулсан хиймэл амт оруулагчтай хоол хүнсэнд донтсон, түргэн яаран шунан хүртсэн хоол хүнс бидэнд унтаа хүнд байдалтай мэдрэмжүүдийг олгодог.

-Сүүлийн үед охид бүсгүйчүүд өндөг, кето гэх мэт дэглэмүүдийг түлхүү барьж байна. Эдгээр дэглэмүүд эрүүл зөв хооллолтод тооцогддог уу?

-Мэдээж хүн сайн сайхан гоё бүхэнрүү тэмүүлэх нь зөв ч юуны түрүүнд охид бүсгүйчүүд маань нэг зүйл ойлгоосой гэж хүсдэг. Хооллолтын ямар нэг дэглэм барьж буй шалтгаан нь өөртөө зориулж, өөрийн сайн сайхны төлөө байх нь чухал. Мөн ямар нэг дэглэм барихдаа тэр нь зөвхөн турах зорилгоор бус өөрийн дотоод бие организмыг тэтгэдэг, эдгээдэг, илааршуулах байдлыг эрхэмлэвэл тэр илүүдэл жин гээч аяндаа учир нь олдоно.

Нүүр ус, өөх тос, уураг, бичил шим тэжээлүүдийг юу юунаас хэр хэмжээгээр өөртөө тохируулан авч болох талаар буурь суурьтай мэдлэг мэдээлэл авсан байхад насан туршдаа таргалж турах зэрэг зүйлээр санаагаа чилээхгүй амьдрах боломжтой.

Кето дэглэмийн хувьд одоогийн байдлаар дэлхий дээр хамгийн их яригдаж судлагдаж буй хооллолт л доо. Би хувьдаа таамаглахдаа Монголчуудын эрт дээр үеийн хооллолт Кето дэглэмтэй их төстэй байсан юм болов уу гэж боддог. Кето диэт нь хүний биеийн ketosis буюу хуримтлуулсан өөхөн давхаргаа шатаан эрч хүчээ сэлбэх систем дээр тулгуурласан гол ойлголт юм. Кето диэтийг хэрэгжүүлэх бас л олон арга бий. Тэр дундаас миний урьд хэлсэнчлэн бие организмаа тэтгэх хоол хүнсийг сонгосон Кето байх нь чухал. Сошиал ертөнцөд Dirty Keto буюу бохир кето ч юм уу олон ойлголтууд их явж байгаа. Тиймээс мэдлэг боловсролоо дээшлүүлж шим тэжээллэг хоол хүнс гэж юу болох, бие организмийхаа онцлогийг мэдэрч байж шийдвэр гаргаарай гэж хэлмээр байна. Өндөгний хувьд бол их хэмжээгээр хэрэглэх нь бие дахь холестрины хэмжээ хэт ихэсгэснээр сөрөг нөлөө бий болох магадлал ихэсдэг.

-Эслэг ихтэй хүнс хэрэглэвэл гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирдаг сонссон. Ер нь ямар төрлийн хүнснээсээ эслэгээ авах боломжтой вэ?

-Орчин үеийн хүмүүсийн эрүүл мэндэд тулгараад байгаа асуудал нь “эслэгийн хангалттай бус хэрэглээнээс үүдэлтэй” гэсэн судалгаа бий. Хүн өдөрт ойролцоогоор 30-50 гр эслэг хэрэглэх шаардлагатай. Эслэг нь бидний толгойноос хөлийн ул хүртэлх бүх эд эсэд шаардлагатай гэж ойлгож болно. Эслэгийг боловсруулаагүй олон төрлийн үр тариа, будаа зэргээс авч болохоос гадна олон төрлийн нарийн ногоо жимс жимсгэнээс авч болно.

Эслэг нь дотроо хоёр төрөлтэй ба Insoluble fibre буюу уусдаггүй /шингэдэггүй/ эслэг Soluble fibre буюу уусдаг /шингэдэг/ эслэг ба эдгээрийг тэнцвэртэй хүртэх нь эрүүл мэндийг илүү сайн дэмжинэ. Ихэнх шингэдэггүй эслэг үр тариан будааны хальсанд байдаг ба үүний хэмжээ ихдэхэд хоол боловсруулах эрхтэнд ачаалал өгч өтгөн хаталт зэрэг шинж тэмдэг үүснэ. Харин шингэдэг эслэг нь нарийн ногоо жимс жимсгэнэ, үр самарт ихээр агуулагддаг ба эдгээр нь эрүүл мэндийг онцгой дэмждэг болно.

-Сүүлийн үед бүсгүйчүүд жингээ бууруулахын тулд фитнесс, spinning, иог, бүжиг зэргээр хичээллэж байна. Дасгал хөдөлгөөн хийж байхдаа ядрахгүйгээр яаж зөв хооллох хэрэгтэй вэ?

-Дасгал хөдөлгөөн хүний эрүүл мэндийг дэмжих маш том бүрэлдэхүүний нэг. Хөдөлгөөн хийж байхдаа энерги нөхөж байна гээд сахартай ундаа уугаад энгийн нүүрс усны хэрэглээг нэмэгдүүлж болохгүй.

Өөрийн алдсан энергиэ нөхөхийн тулд шим тэжээллэг хоол хүнс, ашигтай гэмтээгүй өөх тос хэрэглэх хэрэгтэй. Алдагдаж байгаа энергиэ зөв зохистойгоор нөхөж чадсанаар биеийн булчингаа алдахгүй байна. Хамгийн гол нь энерги үйлдвэрлэхэд маш олон төрлийн витамин минерал хэрэгтэй. Үүнд Б төрлийн витаминууд болон магни нэн чухал. Өөрийн биендээ хэрэгтэй витамин минералыг хоол хүнснээсээ энэ тэнцүү зохицуулж авахыг чухалчлах шаардлагатай. Дасгал хөдөлгөөн хийж байгаа гээд хоолоо сойх тусам биенээсээ маш их шим тэжээл, энергийн алдагдалд оруулах эрсдэл их байдаг. Мөн өөрийн бие организмд тохирсон таашаал эрч хүч авдаг дасгал хөдөлгөөний төрлийг сонгон авч хэрэгжүүлээрэй. Тэр нь заавал үнэтэй төлбөртэй анги байх шаардлагагүй. Өдөр тутмынхаа үйлдлийг хөдөлгөөн болгох нь чухал. Цахилгаан шат сонгохын оронд шатаар явах, машинаа аль болох хол зогсоолд тавьж алхах зэрэг.

-Дасгал хөдөлгөөн хийж байхдаа шим тэжээллэг хоол хүнс хэрэглэх хэрэгтэй гэж хэллээ. Тэгвэл ямар хүнсний бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх нь зохистой вэ?

-Витамины хэрэгцээ хүн болгонд харилцан адилгүй байдаг ч эдгээр нь бодисын солилцоо болгонд оролцдог. Хамгийн түрүүнд шаардлагатай витаминуудад А, С, К, Д, В витаминууд ордог. Эдгээрийг тэнцвэртэй шим тэжээл өндөр жимс ногоогоор баялаг хооллолтоос авах боломжтой. Бидэнд нэн хэрэгтэй эрдсүүдэд натри, кальц, төмөр, магни, фосфор зэрэг багтана. Магни хамгийн өндөртэй хоол хүнсэнд хулууны үр, олон төрлийн гүн ногоон ногоо, цагаан идээ зэрэг багтдаг. Мөн нэмэлтээр омега 3 тосон хүчил бидэнд хоол хүнснээсээ эсвэл нэмэлтээр авах зайлшгүй шаардлагатай байдаг.

-Монгол хүмүүс өөх тостой хоол идэх дуртай байдаг. Тэгэхээр өөх тосны хэрэглээгээ хэрхэн зөв тохируулах ёстой вэ?

– Өөх тос хүний биед маш чухал үүрэгтэй. Өөх тос буюу тосон хүчлүүд нь хүний биед зайлшгүй шаардлагатай. Гэхдээ гэмтээгүй, шим тэжээлээр баялаг өөх тос сонгон хэрэглэх хэрэгтэй.

Өөх тосныхоо хэрэглээг өндөр байлгахыг хүсэж буй хүмүүс нэмэлт сахартай хүнс болон боловсруулсан үр тариа гурил, будааны хэрэглээ бага байх нь нэн чухал. Өөх тосны хэрэглээ өндөр, сахар өндөр байгаагаас болж таргалалт болон олон өвчний суурь тавигдах магадлалтай.

Ашигтай гэмтээгүй өөх тосонд самар, үр, авокадо, олив, маалинг болон жижиг тослог загас, шар тос зэрэг багтана.

-Цаг зав гарган ярилцсанд танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

Г.Нараа

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …