Г.Лхагвацэрэн: Уран бүтээлчид маань кинондоо сэтгэл хангалуун байгаа

Залуу уран бүтээлчид болох У.Цогтбаяр, Г.Лхагвацэрэн нар буюу Цогтоо, Жижгээ нарын хоёр дахь уран бүтээл “Өндгөн Толгойт” УСК өчигдөр /2019.08.22/ “Өргөө” кинотеатрын төв салбарт нээлтээ хийлээ. Киноны нээлтэд олны танил уран бүтээлчдээс гадна жүжигчдийн гэр бүл, найз нөхөд нь ирсэн байв.

Тус  киноны зохиолыг Г.Анхбаяр, Ц.Амартүвшин нар бичжээ. Мөн  ерөнхий найруулагчаар нь Ц. Амартүвшин  ажилласан байна. Уг киногоор  Монголд тулгамдаад байгаа элэгний хорт хавдрын асуудлыг хөндөж, энэ өвчнөөр шаналж байгаа хүмүүст итгэл өгөхийг зорьжээ.

Ц.Амартүвшин: Кинонд орсон эмэгтэй жүжигчдийн хувьд ихэнх нь шинэ залуу жүжигчид

“F” студийн найруулагч Ц.Амартүвшин “Миний хувьд өнөөдөр хоёр дахь уран бүтээлээ өлгийдөн авч байна. Мэдээж энэ нь уран бүтээлч хүний хувьд хамгийн том баяр байдаг. Цогтоо, Жижгээтэй өмнө нь “Параллель” ертөнц, “Bad angel” кинон дээр хамтарч ажиллаж байсан. Тэрхүү хоёр кино маань фантастик төрлийн кино байсан бол “Өндгөн Толгойт” УСК бодит амьдралын талаар өгүүлэх юм. Монголд элэгний хорт хавдар газар авч, тулгамдаад байгаа асуудлын нэг болчихсон байна. Тиймээс үүнийг хөндөж кино хийхээр болсон.

Энэ завшааныг ашиглаад бидэнд мэргэжлийн талаас зөвлөгөө өгч, кино  зураг авах нөхцөл бололцоогоор хангаж өгсөн Хавдар судлалын үндэсний төвийн эмч, ажилтан нарт баярласнаа илэрхийлмээр байна. Мөн “Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Г.Алтаншагай Цогтоо, Жижгээ хоёрын дүр дээр хүч нэмж орж ирсэн нь нүдээ олсон зөв сонголт байсан. Кинонд орсон эмэгтэй жүжигчдийн хувьд ихэнх нь шинэ залуу жүжигчид” гэв.

Г.Лхагвацэрэн: Уран бүтээлчид маань кинондоо сэтгэл хангалуун байгаа

“Өндгөн Толгойт” УСК –ны гол дүрд тоглосон Г.Лхагвацэрэн буюу Жижгээ “Кино зохиолын анхны санааг “F” студийн найруулагч Ц.Амартүвшин, Цогтоо бид гурав гаргасан. +17 цуврал дээр ажиллаж байсан Г.Анхбаярт захиалга өгч зохиолоо бичүүлсэн. Анхны хувилбар гарч ирээд, бид гурав нэмж засварлаад, уран бүтээл бэлэн болсон.

Кино нээлтийн хувьд маш сайхан болж байна. Төсөөлснөөс ч илүү өргөн болж байна. Маш олон үзэгч, дэмжигч иржээ. Нээлт сайхан болж байгаад их баяртай байна. Уран бүтээлчид маань кинондоо сэтгэл хангалуун байгаа. Одоо үзэгчид хэрхэн хүлээж авахыг тэсэн ядан хүлээж байна даа” гэв.

Г.Алтаншагай: Хөдөөгийн залуугийн дүрийг бүтээсэн

“Өндгөн Толгойт” УСК–ны гол дүрд тоглосон жүжигчин Г.Алтаншагай “Сэтгэгдэл маш өндөр байна. Энэхүү кинонд Нямбуу гэх хөдөөгийн залуугийн дүрийг бүтээсэн. Сайхан сэтгэлтэй хүн их олон байдгийг энэ дүрээрээ харуулахыг хичээлээ. Гэхдээ киноны төгсгөлд юу болохыг би задалж хэлмээргүй байна /инээв/. Миний энэ удаагийн дүр өмнөх дүрүүдээс тэс өөр дүр. “Өндгөн Толгойт” УСК нь амьдралд тэмцэх, бууж өгөхгүй байх гэсэн урам зоригийг олон хүнд өгөх болно” гэв.

Н.Алт

Холбоотой мэдээлэл

Comments are closed.