Тэмбүүгийн тархалт буурчээ

Тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдлын вирус /ХДХВ/-ийн халдвар авах эрсдлийг гурав дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг.

Монгол улсын хувьд бэлгийн замаар дамжих халдвар дотор тэмбүүгийн өвчлөл 38.2 хувьтай байна. Энэ ноцтой асуудлыг гурван ч төрийн тэргүүн бүрэн эрхийн хугацаандаа хөндөж, УИХ-д мэдээлсэн байдаг. Тэгвэл Эрүүл Мэндийн Яамнаас хэрэгжүүлж байгаа ажлууд үр дүнгээ өгч, тэмбүүгийн халдвар, тархалт буурч эхэлсэн байна. Тодруулбал, 2018 онтой харьцуулахад халдварт өвчин 2226 тохиолдлоор, тэмбүүгийн өвчлөл 507 тохиолдлоор буурсан байна. Харин энэ оны эхний таван сарын байдлаар тэмбүүгийн 2727 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 245 тохиолдлоор буурчээ.

Гэвч 15-24 насны хүн амын дунд өвчлөл харьцангуй өндөр байна. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдлуудад үнэлгээ хийхэд 40 хувь нь жирэмсний хяналтад хамрагдаагүй байжээ. Тиймээс ЭМЯ төрөлхийн тэмбүү, хүн амын дундах тэмбүүгийн халдварыг бууруулж улмаар устгах зорилт тавин ажиллаж байна. Уг ажлын хүрээнд гурван чиглэлээр 31 үйл ажиллагаа төлөвлөснөөс эрүүл мэндийн салбарын хэмжээнд 23, бусад салбартай хамтран дөрөв, урьдчилан сэргийлэх, мэдээлэл сурталчилгааны дөрвөн ажил төлөвлөсөн. Эрүүл мэндийн салбарын хэмжээнд жирэмсний хяналтыг сайжруулах, эрсдэлт бүлгийн хүн амд илрүүлэг үзлэг хийх, тэмбүүтэй өвчтний бэлгийн хавьтагчийг илрүүлэн, тусламж үйлчилгээнд хамруулах ажил зохион байгуулж байна.

Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэдэг өвчин бөгөөд халдвар авсан хэн боловч өрх, сум, аймаг, нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношлогоо хийлгэж, эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой. Ингэснээр 2.4 сая единицийн Пенициллин-G гурван удаа буюу долоо хоногт нэг удаа тариулсанаар бүрэн эдгэнэ гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байна.

Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр, хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилнэ. Бэлгийн хавьтагчаа мөн эмчлүүлэх нь халдвар дахин авахгүй байх боломж учраас эмчилгээ хамт хийлгэх нь чухал юм. Тэмбүүгээр өвдсөн жирэмсэн эх хяналтдаа эрт орж өвчнөө оношлуулж эмчлүүлсэн тохиолдолд эх, хүүхэд аль аль нь эрүүлжих боломжтой.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …