Б.Эрдэнэбаяр Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанд тэргүүн байр эзэлжээ

БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан Олон улсын Гоцлол бүжигчдийн XVI уралдаанаас Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын залуу уран бүтээлч, бүжигчин Б.Эрдэнэбаяр тэргүүн байр эзэлжээ.

Тэрбээр этник бүжгийн төрөлд украин үндэсний бүжгээр оролцож, нэгдүгээр байранд орсон байна.

Бүжигчин Б.Эрдэнэбаяр Олон улсын бүжигчдийн уралдааны талаар ярихдаа “БНСУ-ын Сөүл хотноо энэ сарын 19-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулсан Олон улсын гоцлол бүжигчдийн XVI уралдаанд амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэллээ. Миний өрсөлдсөн төрөлд 200 гаруй бүжигчин бичлэгээ илгээж, хагас финалд 29 бүжигчин шалгарч үлдсэн. Тэднээс сүүлчийн финалд таван бүжигчин шалгарсны нэг нь би байсан юм. Надаас бусад нь БНСУ-ын бүжигчид байсан. Миний хувьд энэ жилийн уралдаанд монгол ардын бүжгээрээ бус арай өөр төрлөөр оролцохыг хүсч, украин үндэсний бүжгээр оролцсон нь хүмүүсийн сонирхлыг ихээр татсан. Сэтгэгдэл маш өндөр байна. Монголоос өмнө нь гурван ч бүжигчин энэ олон улсын дээд зэрэглэлийн тэмцээнд орж, амжилт гаргаж байсан” гэдгийг хэлсэн юм.

Тэрбээр Үндэсний урлагийн их театрт дөрвөн жил ажиллаж байгаад өнгөрөгч 2018 онд “UBS” телевизээс зохион байгуулсан “Perfect dance” бүжгийн шоуны дэд байрыг хүртэж, БНСУ-ын Урлагийн их сургуульд бүжигчний мэргэжлээр дөрвөн жил суралцах эрхээр шагнуулж, суралцаж байгаа ажээ.

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …