“Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт маркийн нээлт боллоо

Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд эрхэмсэг ноён Мустафа Шентоп өчигдөр (2019.07.29) “Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаанд оролцов.

Энэ онд Монгол Улсад марк үүсэж, хөгжсөний 95 жилийн ой, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тус тус тохиож байгааг УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан онцоллоо.  Хоёр улсын шуудангийн байгууллагууд хамтарсан марк гаргасан нь цаашдын хамтын ажиллагааны хөгжлийг бэлгэдсэн сайхан үйл явдал болж буйг тэмдэглээд маркийн сэдэв, агуулгыг бүтээлцэж, хамтран ажилласан судлаач, түүхч, зураач, дизайнер, мэргэжилтнүүдэд талархал илэрхийллээ.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп, “Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож буй боловч өнө эртний уламжлалт харилцаа 1000 гаруй жилийн түүхтэй. Соёл, зан заншил зэрэг олон зүйлээрээ адилхан. Энэ удаагийн бидний айлчлал шинэ цагийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэлтэй байна” гээд хамтарсан марк гаргаж байгаад баяртай байгаагаа илэрхийлсэн юм.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан зочид төлөөлөгчдөд маркийн сэдэв агуулгыг танилцууллаа. Үндсэн маркийн хэсэгт Туркийн алдарт Босфорын гүүр дээгүүр Монголын Иргэний Агаарын Tээврийн онгоц нисэж байх бөгөөд Туркийн бахархалт Алтанзул цэцгийг дүрсэлсэн байна. Мөн Туркийн агаарын хөлөг онгоцыг үндэсний хувцастай монгол бүсгүй хадаг, мөнгөн аягатай сүүгээр угтаж буйгаар дүрсэлж, Бэр цэцгийг бэлгэдэн багтаажээ. Харин доод хэсэгтээ чимэглэл болгон хоёр улсын эртний уламжлалт харилцааг харуулах үүднээс түүхэн дурсгалт газруудын дагуу торгоны замаар явж буй тэмээн жингийн цувааг дүрсэлсэн байна.

“Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт марк нь өнөөдрөөс эхлэн албан ёсоор худалдаанд гарч байгаа бөгөөд хамгийн отгон буюу 1046 дахь сэдэвт марк болж байна.

Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга, эрхэмсэг ноён Мустафа Шентоп, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Туркийн парламентын бүлгийн дарга Т.Аюурсайхан нар маркийн анхны өдрийн дугтуйг тамгалаж, гарын үсэг зурлаа. Ингэснээр уг марк албан ёсоор үнэт цаас болж, Монгол маркийн музейд хадгалагдаж байна.

“Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн үйл ажиллагаанд БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал, Туркийн Үндэсний Их Хурлын дэд дарга Митхат Санжар, Туркийн Үндэсний Их Хурлын гишүүн, ҮИХ дахь Турк-Монголын парламентын бүлгийн дарга Мехмет Эрдоган, Туркийн Үндэсний Их Хурлын гишүүн Бүлэнт Туран, Өзлэм Зэнгин, Мухаммед Лэвэнт Бүлбүл, Осман Ашкын Бак, Исмайл Тамер, Фатма Аксал, Эминэ Гүлизар Эмэжан, Аяхан Алтынташ болон “Монгол шуудан” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, тус байгууллагын ажилтнууд, марк сонирхогчид, албаны бусад хүмүүс оролцов.

 

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …