Ерөнхийлөгч Х.Баттулга тод манлай уяач О.Батбилэгийн галаар зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хүй долоон худагт байрлаж буй Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн галаар зочиллоо.

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд 163 хурдан азарга шандсаа сорьж, Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан азарга түрүү магнайд хурдалсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тод манлай уяач О.Батбилэгийн галаар зочлохдоо зээрд халзан азарга нь түрүүлж, наадамчин олноо баясгасанд нь баяр хүргэж, хөөрөг зөрүүлсэн юм. Энэ үеэр улсын тод манлай уяач О.Батбилэг Төрийн тэргүүн морилон саатаж байгаад бэлэгшээж, “…Дорнод аймгийн Баянтүмэн суманд мал очоод 10 гаруй жил болж байна. Энэ жил Цээл, Бурхант ууланд уяа гарч, Налайхын урд Буурлын давааны энгэрээр байрлаж сунгаандаа оролцсон. 10-аадхан хоногийн дараа Их хурд болно. Өмнө нь манай хээр азарга Их хурдад түрүүлж байсан юм. Энэ жил халзан азарга маань наадамд түрүүллээ” хэмээн наадмын сонин сайхнаас хуучиллаа.

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …