Зүрх судасны эмнүүдийг 34-81 хувийн хөнгөлөлт үзүүлэхээр болжээ

 Хөнгөлөлттэй олгодог эмийн жагсаалтад өөрчлөлт оруулж, ахмад настнуудын хэрэглэдэг зүрх судас, тархины цусан хангамжийг сайжруулах эмүүдийн хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмэгдүүлж байгаа талаар ЭМЯ, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар/ЭМДЕГ/-аас өнөөдөр  /2019.7.4/ мэдээлэл хийлээ.

Шинэчилсэн жагсаалтаар зүрх судасны эмгэг, даралт бууруулах, ходоод элэг, цөсний өвчний үед зонхилон хэрэглэх болон тархины цусан хангамж сайжруулах зэрэг өргөн хэрэглээний 62 нэрийн эмийн хөнгөлөлтийн хувь хэмжээг нэмж, 17 нэрийн эмийг шинээр нэмж, эм ханган нийлүүлэх байгууллагуудтай эмийн үнийг бууруулах талаар уулзалт, хэлэлцээ хийснээр 58 нэрийн эмийн үнийн дээд хязгаарыг бууруулжээ.

Мөн эрүүл мэндийн салбарын “Ахмад настны зонхилон хэрэглэдэг эмийн үнийг 80 хүртэл хувиар хөнгөлөх” зорилтын хүрээнд 120 нэрийн эмийн хөнгөлөлтийг нэмэгдүүлж, шинээр нэмж, үнийн дээд хязгаарыг бууруулсан байна. Тодруулбал, ахмад настнуудын дийлэнх хэрэглэдэг зүрх судасны эмийг 34-81 хувиар, тархины цусан хангамжийг сайжруулах 10 гаруй эмийг 60 хүртэлх хувиар тус тус хөнгөлжээ.

  2019 онд 33.9 тэрбум төгрөгийг  Эмийн үнийн хөнгөлөлтөд зарцуулахаар төсөвлөсөн

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг “2018 онд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 24 дүгээр тогтоолоор “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хэмжээ”-г шинэчлэн баталж, энэ оны 1 дүгээр сарын 15-наас эхлэн мөрдөж байна.

Хөнгөлөлт үзүүлэх эмийг сонгохдоо зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад орсон байх,  Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэдсэн, жороор олгогддог, тогтмол нийлүүлэгддэг, эмчилгээний удирдамжид заагдсан байх гэсэн үндэслэлүүдийг баримталдаг.

Түүнчлэн зонхилон тохиолдож байгаа өвчлөлийн үед хэрэглэх эмийг сонгохыг зорьдог. Өнгөрсөн онд ЭМДС-гаас эмийн хөнгөлөлт авсан даатгуулагчдын дийлэнх буюу 72 хувийг 0-5 насны хүүхдүүд болон 50-аас дээш насны иргэд эзэлж байна. Үүн дотроо 58 хувийг 50-аас дээш насны иргэд эзэлсэн байна. Ахмадууд зүрх судасны өвчний эмийг зонхилон авдаг.

2018 онд эмийн үнийн хөнгөлөлтөд 37.8 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2019 онд 33.9 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн.

ЭМДС 2018 онд 800 гаруй эмийн сантай гэрээтэйгээр иргэдэд даатгалаар хөнгөлөлт үзүүлж байсан бол энэ онд улсын хэмжээнд 1,026 эмийн сантай гэрээ байгуулсан. 400 гаруй эмийн сангаар тоог нэмэгдүүлэн эмийн үнийн хөнгөлөлтийн үйлчилгээг үзүүлж байгаа нь иргэдэд илүү ойртох, хүртээмжийг сайжруулах зорилготой.

Эмийн сангуудын үнийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлдэг хугацаа богино байгаа талаар иргэдийн гомдол их гардаг. Энэ тухайд гэвэл нийслэлд даатгалаар үйлчилж буй эмийн сангуудын 20 орчим хувь, орон нутгийн эмийн сангуудын 60 гаруй хувь нь 14-өөс дээш хоног хөнгөлөлттэй үнээр эм олгож байна” гэв.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.