Хөдөөгийн бэлчээрээс хөгжлийн түүчээ рүү

Шийдвэр гаргах түвшинд хөгжлийн бэрхшээлтэй хүнийн сайн жишээ

Монгол орны алс баруун хязгаар нутаг Ховд аймгийн Дарви суманд Дамдингийн Ганболд төржээ. Багаасаа хөдөө эцэг эхийнхээ гар дээр мал маллан өссөн тэр найман настайдаа сумынхаа дунд сургуульд элсэн оржээ. Түүнийг наймдугаар анги төгсөх жил нь орон нутгаас хадлан тэжээл бэлтгэх ажилд төгсөх ангийн хөвгүүдийг дайчилжээ. Харамсалтай нь бэлтгэсэн хадлангаа нуруулдаж байхдаа Д.Ганболд өрөөсөн гараа хүнд гэмтээжээ.
Сумын эмч анхан шатны тусламж үзүүлэхдээ алдаа гаргаж, хугацаа алдсаны улмаас Д.Ганболдын гэмтсэн гар аажимдаа хатангирширч эхэлжээ. Эхэн үед тэр бага хүүхэд байсан болохоор төдий л анзаарсангүй. Аажимдаа явцын дунд түүний гэмсэн гар нь атгахаа болиод хатингиршиж, хоёр гараараа хийж байсан ажил нь нэг гар руугаа шилжиж эхэлжээ. Улмаар хөдөлмөрийн чадвар алдагдаж өрөөсөн гарын ачаалал нэмэгдсэнээс нөгөө гар нь хөдөлгөөнгүй болж, хатингиршин хүн харахад хүртэл эвгүй санагдахаар болсон аж. “Миний гар ийм болсон, хэн намайг тоох вэ? Би юу хийж чадах билээ?” гээд Д.Ганболд сэтгэл санаагаар гутарч өөрөө өөрийгөө бусдаас тусгаарлаж, зугатдаг болжээ.
Гэсэнч нэг л мэдэхэд наймдугаар ангиа төгсөх боллоо. Улаанбаатар хотод л очиж суралцая гэж тэр шийдлээ. Ингээд тэр 1989 онд Улаанбаатар хотын Барилгын техник мэргэжлийн сургуульд ирж суралцлаа. Сургуулиа төгссөний дараа нутагтаа буцаж очоод мэргэжлээрээ ажиллаж чадсангүй. Харин хөдөө гарч аав ээждээ туслан хоёр жил мал маллажээ. Ингээд 1994 онд Ховд аймагт Хөдөө Аж Ахуйн Их Сургуулийн салбар нээгдэхэд аавынхаа мэргэжлийг өвлөж, зоотехникч болохоор элсэн оржээ. Гэтэл удалгүй ХААИС нь салбар сургуулиа татан буулгасан учраас Улаанбаатар хотод шилжин ирж суралцахаар боллоо.
Ингээд 1999 онд ХААИС-иа төгсөхөд нь түүнд тус сургуулийн харьяа Мал эмнэлэгийн эрдэм шинжилгээний Хүрээлэнд ажиллах урилга иржээ. Эхэн үедээ тэр эргэлзэж байсан ч МААЭШХ-ийн секторын эрхлэгчдээ хандаж өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ шууд хэлээд үзье гэж шийдэв. “Ямар ч байсан нэг сар ажиллаад үз. Чи чадна, чи өөрөө л гарчихгүй бол би чамайг чадна гэдэгт итгэж байна” гэж секторын эрхлэгч хэлжээ. Энэ үгэнд урамшсан тэр нэг сар хичээнгүйлэн ажиллав. Тэгтэл секторын эрхлэгч нь “Чи үнэхээр чадах юм байна” гээд эрдэм шинжилгээний дэд ажилтнаар жинхэлсэн тушаал шийдвэр гаргажээ. Энд л Д.Ганболд хөгжлийн бэрхшээлтэй хүн хамт олонтой байж хөгждөг гэдгийг анх тэр мэдэж авчээ.
Д.Ганболд МААЭШХ-д 2000-2012 он хүртэл ажиллахдаа эрдэм шинжилгээ, судалгааны ажилд шаардагдах чимхлүүр нарийн ажлыг хийж гүйцэтгэхийн тулд өөрийгөө дайчилж, уйгагүй зүтгэжээ. Эрдмийн зэрэг цолоо дээшлүүлэхийн тулд мэдлэг боловсролоо байнга дээшлүүлж, 2002 онд магистрын зэрэг хамгаалжээ. Энэ үед Монгол Улсын Засгийн газраас “Иод дутлын үндэсний хөтөлбөр” хэрэгжиж байсан тул тус хөтөлбөрийн 2 дугаар шат болох “Малын иод дутлын эмгэгийг илрүүлэх” үйл ажиллагаанд оролцохоор болжээ. Энэ хүрээнд тэр Монгол Улсын 21 аймгийн олон сумдаар явж малын иод дутлын тархалтын талаар судалгаа хийж, үүн дээрээ тулгуурлан “Малын иод дутлын эмгэг биогеохими төлийн бамбайн дааврын төвшрүүлэхтэй холбон судалсан нь” гэсэн сэдвээр 2010 онд докторын зэрэг хамгаалжээ.
Энэ бүх хугацаанд Д.Ганболд зөвхөн эрдэм шинжилгээний ажлаа хийгээд зогсохгүй өөртэйгөө адилхан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хэрхэн яаж туслаж дэмжих вэ гэж эрэл хайгуул хийх болжээ. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарч 2002 оныг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих жил” болгон зарлалаа. Энэ үед Д.Ганболдод “Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, бас эрдэм шинжилгээний ажилтан хүний хувьд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих жил юу хийж чадах вэ? Намайг дэмжих өөр ямар боломж байна вэ?” гэсэн бодол төржээ. Ингээд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын Үндэсний холбоонд хандахад “Ажлынхаа хажуугаар биднийг дэмжиж туслахад юу хийж чадах вэ? Чиний санал бодол юу байна, манайд ирж ажиллаж болно шүү” гэжээ.
Тухайн үед хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудад төрийн зүгээс ямарч дэмжлэг туслалцаа байхгүй, тэд өөрсдийнхөө бор зүрхээр л ажиллаж байсан гэвэл хэтрүүлэг болохгүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажаад байхад тэдэнд нэгдүгээрт, эрүүл мэндийн оношилгоо эмчилгээ, хоёрдугаарт, эрдэм мэдлэг, боловсрол эзэмшүүлэх асуудал тулгамдаж байгааг Д.Ганболд анзаарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боловсролыг гол суурь болговол тэд хаана ч ажиллаж, үзэл бодлоо илэрхийлж, үгээ хэлж, нийгэмших боломжтой юм байна гэж боджээ.
Тэгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд хамрагдан оронгуут өөрийнхөө бэрхшээлийг мартаж эхэлжээ. Бүгд адилхан хөгжлийн бэрхшээлтэй болохоор хэн хэнийгээ гэж бэрхшээлтэй талаас нь харахгүй. Бие биенийгээ энгийн хүний нүдээр л харна. Эргээд бодоход эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллаж байхад өчнөөн бэрхшээл тулгарч байсныг тэр анзаарчээ. Жишээлбэл, урвал тавих гэх мэт мэргэжлийн нарийн чимхлүүр ажилд яах аргагүй бэрхшээл тулгарна. Тэр бүхэнд секторын эрхлэгч нь их дэмжиж, туслаж байсны хүчинд бэрхшээлтэй асуудал бага гарч байсан болов уу гэж тэр бодно.
“Хүн хэдий хамт олонтой байсан ч хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэхээр тухайн хүнийг өрөвдөх сэтгэлээр ханддаг юм билээ. Иймд өөртэйгээ адилхан бэрхшээлтэй хүмүүсийн дунд орж, тэдэнтэй хамтран ажиллаж санал бодлыг нь сонсоод эхлэхээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгэмд бусад хүмүүсийн адил ажиллаж, дуу хоолойгоо хүргэж болдог юм байна гэсэн итгэл төрж эхэлдэг юм билээ” гэж Д.Ганболд хэллээ.
Италийн АИФО байгууллага, Америкийн ЭСЯ-ны Нийгэм эдийн засгийн хөгжлийн хэлтэс хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхижуулах” төслийг 2006 онд хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төсөлд Д.Ганболдыг туслах нарийн бичгийн даргаар авч ажиллуулжээ. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний хэмжээний болон аймаг, дүүргийн төрийн бус байгууллагуудыг чадавхижуулах олон үйл ажиллагааг зохион байгуулахад оролцсоноор Д.Ганболд жинхэнэ утгаараа нийгэм хамт олны дунд орж эхэлжээ.
Энэ үед ЭМЯ, Италийн АИФО байгууллагаас хамтран хэрэгжүүлж байсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хамт олонд түшиглэн сэргээн засах “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож эхэлсэн нь түүнд чухал өөрчлөлтийг авчирчээ. Ялангуяа НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийн бичвэрийн хэлэлцүүлгээс эхлээд батлагдах хүртэл, Монгол Улсыг уг конвенцид нэгдэн оруулахын тулд төрийн бус байгууллагуудын нөлөөллийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцсон зэрэг нь түүний чадавхийг эрс дээшлүүлжээ.
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийн хэрэгжилтийг хангахын тулд Монгол Улсын Засгийн газраас 2012 онд Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын Яаманд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийг байгуулагдахад Д.Ганболд сонгон шалгаруулалтанд тэнцэж, мэргэжилтнээр орж ажиллах болжээ. Тэрээр яамны асуудал хариуцсан мэргэжилтний хувьд Монгол Улсын “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг боловсруулахад Ажлын хэсэгт орж ажиллажээ.
Өөрөө хөгжлийн бэрхшээлтэй, урьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагатай хамтран ажиллаж байсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн зовлон, жаргалыг бусдаас илүү мэддэг болохоор түүний гаргасан санал хуулийн төсөлд тодорхой хэмжээгээр тусгалаа олжээ. Хамгийн гол нь НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенцийн үзэл баримтлалд тулгуурлаж хуулийн төслийг боловсруулахдаа үзэл баримтлалаас эхлээд юун дээр хүний эрх зөрчигдөж байна вэ, юуг нь зөв хуульчлаад өгвөл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх нь хангагдах вэ гээд л тухайн асуудлыг сууриас нь эхлээд зөв тусгахыг хичээсэн нь энэ хууль амьдралд хэрэгжих боломжтой болоход нөлөөлжээ.
Одоо эрх зүйн орчин сайжирлаа гэсэн ч дөнгөж байшингийн суурь тавигдаж байна. Энэ хуулиа яаж хэрэгжүүлэх вэ, бүгдэд ямар ойлголт, эерэг хандлага өгөх вэ, хөдөлмөр эрхлэлтийг хуулийн хүрээнд яаж авч хэрэгжүүлдэг болох вэ, нийгмийн баялагаас адил тэгш хүртдэг болгох вэ, хэрхэн тэгш хамруулан сургах вэ гээд олон асуудлууд хүлээгдэж байна. Жишээлбэл, бие даан гараад явахад орчны саад бэрхшээлийг арилгахаас эхлээд их олон асуудал бий. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний идэвхи оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр”-ийг батлан гаргахад Д.Ганболд оролцжээ. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань гэр гэртээ бусдыг шүүмжлэгч, асран хамгаалуулагч биш харин нийгмийн нэг бүрэн эрхт гишүүн нь байж, ажиллаж, хөдөлмөрлөн, өөрсдийнхөө эрхийн төлөө дуу хоолойгоо хүргэх чадвартай иргэн болж хөгжих үндэс суурь тавигдах юм.
“Миний дээшээ дэвшиж ажиллаж байгаа маань АИФО байгууллагатай холбоотой.Би өөрийгөө хамт олонд түшиглэж гарч ирсэн гэж боддог. “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн зорилго ч ийм байсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэм хамт олонд нь түшиглэн гаргаж ирэх ёстой, тэднийгээ дэмжих ёстой гэдэг. Энэ зарчим суурин дээр “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх”-ийн тухай хууль батлагдлаа. Үүнийг хэрэгжүүлэх гол арга зам нь Хөгжлийн бэрхшээлтэй хүний идэвхи оролцоог дэмжих Үндэсний хөтөлбөр боллоо. Энэ суурийг Монголд АИФО байгууллага маань “Тэгш дүүрэн” хөтөлбөрөөрөө дамжуулж таниулж өгсөн. Үүний үр дүнд улс төрийн оролцоо мөн нийгэмд оролцох оролцоо ч нэмэгдлээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд төр, засгийн үйл ажиллагаа илүү нээлттэй боллоо гэж би харж байгаа. “Тэгш дүүрэн” хөтөлбөр хэдий дууссан ч хөтөлбөрийн үргэлжлэл маань хууль болон гарч, Хөгжлийн бэрхшээлтэй хүний идэвхи оролцоог дэмжих үндэсний хөтөлбөр болон үргэлжилж байна. АИФО байгууллага болон бусад олон улсын байгууллагууд тасралтгүй үйл ажиллагаагаа дэмжээд явбал хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрэл гэгээтэй замд хүрэх, хэдэн жилийн дараа бүх нийтээрээ хүртээмж нь сайжирсан, хуулийн хэрэгжилт, хандлага нь сайжирсан нийгмийг бий болгож чадна гэдэгт итгэлтэй байна” хэмээн Д.Ганболд хэллээ.
Г. Энхбаатар
Холбоотой мэдээлэл

Comments are closed.