ОЛОН ӨНГӨ: Архи биш, амттан иддэг хүүхэд нас

Гэхдээ арван дөрвөн настай охин бэлгийн харьцаанд орлоо, архи дарс уулаа, дэн буудлаар хэслээ, хүчирхийлэлд өртлөө гэх мэдээллийн давалгаа цөөн биш дуулдах боллоо. Сэтгэл эмзэглүүлэм энэхүү мэдээллийн давалгаанд бага насны дурсамжаа онгичиж, бодолд автан хэсэг суув. Үгүй мөн харуусмаар хэрэг ээ. Зайрмаг долоож, чирта өшиглөж, дээс дэвхэрч, тэвэг өшиглөж явдаг нас биш үү.

Энэ насанд найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөх сайхан ч бүрэнхий болов уу, үгүй юу ээж аавдаа зэмлүүлэхээс эмээн гэр өөдөө яаран гүйдэг байсан сан. Үнэхээр миний дотоод сэтгэлийн архивт ийм л дурсамж хөвөрнө. Согтууруулах ундааг дэлгүүрийн лангуу болон баярын ширээнд хөгшид, хүндтэй зочдын өмнө л сөгнөдөг зүйл гэж боддог байлаа. Дүү нар минь, энхрий нялх охид минь дээ. Битгий ийм замаар яв л даа, гуйж байна. Та нарын энэ цэцэг шиг нас чинь хоромхон төдийд дайраад өнгөрөх үүлэн сүүдэр шиг л зүйл. Залбирч мөргөж гуйгаад ч буцаж ирэхгүй цаг хугацаа. Гэнэн цагаан, гэгээлэг насаа бүү бохирдуул. Бусармаг зүйлд дурлаж, шунаж буй дүү нар минь. Та нарт минь юу тохиолдоо вэ? Та нарын өмнөөс ах нь айж байна. Монгол бүсгүйн цэвэр ичимтгий зан, аядуу зөөлөн төрх ирээдүйд устаж үгүй болох ёсгүй. Наснаас эрт хүртэж буй ундаа, тэмүүлж буй үйлдэлдээ битгий яар. Хүссэн, хүсээгүй та нарын ирээдүйг тосон уулзах л үйл явдал.

Сурч боловсрох, эрдмийн их оргил өөд мацаж явах бас ижий аавдаа хайрлуулах нас юм шүү. Ижил олон нөхөдтэйгөө хөгжилдөж, ээжийнхээ өгсөн мөнгөний хэмжээгээр амттан авчихаад найзуудтайгаа хуваадаг нас шүү дээ. Ийм л гэгээн гэрэлт насандаа санаанд багтамгүй үйлд автаж явдгаа боль дүү нар минь. Та нарын нас чинь амттанд дурладаг нас болохоос архи дарс уух цаг чинь биш ээ !!!

М.Тэнүүн

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …