Ч. Улаан: Малыг амьдаар нь гаргах тухай асуудал яригдаагүй

 

Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан өнөөдөр /2019.06.11/  ЖДҮХСаас олгох зээл болон зээл хүссэн иргэдийн материалыг хүлээн авч дууссан талаар танилцууллаа.

Тэрбээр “Энэ жил ЖДҮХСаас 47 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр зээл олгох бөгөөд ирж байгаа хүсэлт 10 дахин их байна. Цаашид энэ чиглэлд зарцуулах хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага байна. Энэ төслүүдийн дотроос арилжааны банкаар 11 иргэний, 186 аж ахуй нэгжийн 144 тэрбум төгрөгийн хүсэлттэй төслүүд ирсэн байна. Өмнө нь гаргасан алдаа, дутагдлаа засч, шинэ журам, арга барилаар ажиллана” гэж мэдэгдэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-УИХ-ын гишүүдийг ЖДҮХСаас авсан зээлээ буцааж төлөхийг Ерөнхий сайд үүрэгдсэн. Одоогоор зээлээ төлсөн хэдэн гишүүн байна вэ?

-34 иргэн, аж ахуй нэгжтэй холбоотой 19 орчим тэрбум төгрөг байхаас 12 тэрбум төгрөг нь төлөгдсөн. Бусад нь графикийн дагуу төлөгдөөд явж байгаа.

-Өнөөдөр махны холбооноос мэдээлэл хийж, таныг бог малыг амьдаар нь гаргах хэлэлцээр хийгээд ирсэн гэсэн  мэдээлэл гараад байгаа?

-Би БНХАУ-д албан ёсоор айлчлал хийгээд ирэх үед мах, махан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн, улаан буудай, хөх тариа зэрэг бүтээгдэхүүнийг экспортод гаргах, харилцан протокол тогтох ажлыг ярьсан. Малыг  амьдаар нь гаргах тухай асуудал яригдаагүй.

Энэ нь өөрөө өмнө нь Засгийн газрын шийдвэртэй, үржлийн бус эр хонь, ямааг гаргах чиглэлийг аймгуудын удирдлагуудад өгсөн. Хэрэв мал амьдаар нь гаргахаар бол аймгийн удирдлагууд шийдвэрлэж, яамнаас бодлогоор дэмжлэг үзүүлнэ. Яамнаас квот тогтоох, эрүүл ахуйг нь хангах бөгөөд одоогоор энэ ажил албан ёсоор хэрэгжээгүй. Тодорхой нөхцөл, шаардлага, гэрээ хэлцэл хийсний дараа мал хөлөөр нь экспортод гаргах эсэхийг шийдвэрлэнэ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …