С.Энхтуяа: Энэ жил ЭЕШ-ын материалыг бүх төвүүдэд шууд засна

Элсэлтийн ерөнхий шалгалтыг улс орон даяар энэ сарын 17-ноос 20-ны өдрүүдэд зохион байгуулна. Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн С.Энхтуяагаас ЭЕШ-ын талаарх зарим зүйлийг  тодрууллаа.

– Элсэлтийн шалгалт энэ сарын 17-наас эхэлнэ. Энэ жил хэчнээн хүүхэд элсэлтийн шалгалтыг өгч байгаа бэ?

-Жил бүр Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-тай холбоотой зөвлөмж, мэдээллийг цаг тухайд нь гаргадаг. Элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 17-20-ны хооронд зохион байгуулагдана. Шалгалтын хувиар гарчихсан байгаа. Тухайлбал, зургадугаар сарын 17-нд Монгол улсын түүх, Физик, Зургадугаар сарын 18-нд Хими, Газарзүй, Англи хэл, Зургадугаар сарын 19-нд Биологи, Математик, Зургадугаар сарын 20-нд Монгол хэл, Орос хэл, Нийгмийн тухай мэдлэгийн шалгалт явагдана. Иймээс энэ жил шалгалтад хамрагдах гэж байгаа хүүхдүүд элсэлтийн шалгалтын журамтайгаа танилцах хэрэгтэй.  2019 оны элсэлтийн ерөнхий шалгалтын журамтай танилцах бол  Энд дарж үзнэ. 

Энэ жил нийт 18145 хүүхэд хамрагдахаар бүртгүүлсэн байгаа. Нийслэл 8418, хөдөө орон нутаг 9727 хүүхэд бүртгэгдсэн. ЭЕШ-т орон даяар нэгэн зэрэг явагдана. Аймгийн төв болгоно дээр нэг шалгалтын төв байрлана. Харин нийслэлд арван шалгалтын төв байрлаж байгаа. Суудлын хувиар гарчихсан. Суудлын хувиар дээр хаана ямар сургууль дээр шалгалт өгөх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа.

-Монгол хэл бичгийн шалгалтыг түрүүлж авсан. Энэ шалгалтад хэчнээн хүүхэд хамрагдсан вэ?

-Их, дээд сургуульд элсэх сурагчдаас монгол хэл, бичгийн эхний шалгалтыг өнгөрөгч гуравдугаар сарын 23-нд, дахин шалгалтыг дөрөвдүгээр сарын 20-нд улс даяар авсан. Монгол хэл, бичгийн шалгалтад 17 мянга гаруй хүүхэд хамрагдсан.

-Нэг өдөр хоёр хичээлийн шалгалт явагдах юм байна. Цагийн хуваарийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

 -Бүх шалгалт өглөө 9.00 цагт эхэлнэ. Дараагийн шалгалт 13.00 цагаас явагдана.

 -Хүүхдүүдийн хувьд элсэлтийн шалгалтаас хоцрох тохиолдол цөөнгүй гардаг?

-Ер нь бол шалгалтаас хоцрох тохиолдол маш цөөн гардаг. Ерөнхийдөө ЭЕШ-ын нийт ирц улсын хэмжээнд 98 хувиас дээш байдаг. Үлдсэн хоёр хувьд зөвхөн шалгалтаасаа хоцорсон хүүхдээс гадна ямар нэгэн хүндэтгэх шалтгаан гарсан, эсвэл шалгалт өгөх шаардлагагүй хүүхдүүд байдаг юм. Шалгуулагчдадаа зориулсан бүх зөвлөгөө, мэдээллийг сайтад байршуулсан. Шалгуулагчид тавдугаар сарын 20-ноос хойш суудлын хуваариа хэвлэж, авахад бэлэн болсон. Хамгийн гол нь шалгуулагчид ЭЕШ-ын цагаасаа хоцорч болохгүй. Ялангуяа нийслэл хотын зам түгжрэлтэй байдаг учраас урьдчилан шалгалт өгөх төв дээрээ очиж, үзээрэй. Өөрөөр хэлбэл гэрээсээ шалгалтын байр хүртлээ хэдэн цаг, минутыг зарцуулж байгаагаа өөрийн биеэр мэдэх хэрэгтэй.

-Өнгөрсөн жил шууд засалтыг туршиж явуулсан. Энэ жилийн хувьд шалгалтын материалыг шууд засах уу?

-Өнгөрсөн жил хоёр гурван газар туршилтаар шууд засч байсан. Энэ жилийн ЭЕШ-ын материалыг  бүх төвүүдэд шууд засалтыг  хийнэ. Шалгуулагч маань шалгалтаа өгч дуусаад шууд тэр даруйдаа оноогоо харна. Шууд засалтын машин маань цагт 2500 материал унших  хүчин чадалтай.

– Нийслэлд 10 шалгалтын төв байрлаж байгаа гэсэн.Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Улаанбаатар хотод байгаа 10 төвд 2, 24, 28,45, 48, 52,84, 23 дугаар сургууль болон Монголын үндэсний их сургууль дээр ЭЕШ өгнө.Харин өмнө оны төгсөгчид 5, 23 дугаар сургууль дээр өгнө. Мөн орон нутагт шалгалт авах сургуулиудын тов ч мөн адил гарсан байгаа.Архангай аймагт “Хүмүүн” цогцолбор сургуульд, Баян-Өлгий аймагт гуравдугаар сургуульд, Баянхонгор аймагт “Номгон” цогцолбор сургуульд, Дархан-Уул аймагт “Оюуны ирээдүй”, Дундговь аймагт “Эрдмийн далай” цогцолбор сургуульд, Завханд МУИС-ийн харьяа Эдийн засгийн сургуульд, Орхон аймагт дөрөвдүгээр сургуульд, Хөвсгөл аймагт “Ирээдүй 21-р зуун” сургуульд, Багануур “Гүнгалуутай” цогцолбор сургуульд өгөх бол бусад аймгуудад аймгийн төвийн нэгдүгээр сургуульд ЭЕШ-ыг өгнө.

2019 оны ЭЕШ-ыг зохион байгуулах шалгалтын төвүүд

Н.Алтанцэцэг 

 

Санал болгох мэдээ

Тайваний Боловсролын яамнаас 13 оюутанд тэтгэлэг олгохоор боллоо

Тайваний Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд 13 Монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо. Тайваньд бакалавр, …