Азийн ардын урлагийн их наадам улаанбаатар хотод болно

Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа бөгөөд Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран  авсан. Энэ ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/804 тоот  тушаалаар “Азийн ардын урлагийн их наадам”– ыг Улаанбаатар хотноо  зохион байгуулах, хугацаа болон зохион байгуулах хорооны дарга, гишүүдийг баталсан юм.

Их наадам зохион байгуулах хорооноос энэхүү наадмыг 2019 оны 06–р сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ удаагийн наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахсктан  зэрэг 20 гаруй орны 200 гаруй ардын авьяастан хүрэлцэн ирэхээр бүртгүүлээд байна.

Мөн зохион байгуулах хорооны шийдвэрээр энэхүү наадамд оролцох үндэсний оролцогчдыг тодруулах анхан шатны шалгаруулалтыг тухайн наадмыг зохион байгуулах хугацаанд зэрэг явуулах бөгөөд шилдэг оролцогчид Азийн ардын урлагийн их наадамд улсаа төлөөлөн оролцох болно.

Азийн ардын урлагийн их наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн тунгаах бөгөөд Их наадмын гранпри шагналтан 4000 eвро, дэд байр 2000 eвро, гутгаар байрын шагналтан 1000 eврогийн шагнал  хүртэх юм.

Энэ удаагийн наадмын зохион байгуулагчаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Арт–Лар ТББ”,  хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, ГХЯ, Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци, Ардын урлагийн наадмуудын eвропын ассоциаци, ЮНЕСКО -ийн Монголын үндэсний комисс зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Их наадмын хүрээнд нээлт, хаалтын ажиллагаа, зохион байгуулагч болон зочин орнуудын урлагийн тоглолт, нэгдсэн гала тоглолт,  азийн улс орнуудын гар урлалын үзэсгэлэн, худалдаа, ази хоолны фестиваль, Монголын уламжлалт өв соёлыг сурталчлах мастер класс сургалт зэрэг арга хэмжээ болох юм.

Санал болгох мэдээ

Жүжигчин Б.Тэргэл “Asian Film Awards 2024” наадмаас “Шилдэг шинэ жүжигчин” шагнал хүртлээ

Азийн нэр хүндтэй наадамд зүй ёсоор тооцогддог “Asian Film Awards 2024”-д  Монгол Улсаас анх удаа …