Ц.Жаргалантуул: Нэгдүгээр ангид элсэгчид хугацаандаа амжиж бүртгүүлээрэй

Нийслэлийн төрийн өмчит Ерөнхий Боловсролын Сургуулийн нэгдүгээр ангид элсэх зургаан настнуудын бүртгэл тавдугаар сарын 13-ны даваа гарагт эхэлнэ. Зургаан настнуудын бүртгэлийн талаар нийслэлийн Боловсролын газрын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Ц.Жаргалантуултай ярилцлаа.


-Зургаан настнуудын бүртгэл энэ сарын 13-наас эхэлнэ. Энэ жил хэчнээн хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах вэ?

-2019-2020 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдийн бүртгэлийн ажил эхэлж байгаа. Энэ бүртгэлийн ажлын хүрээнд хоёр ажил зохион байгуулна. Нэгдүгээрт хамран  сургах тойргийн тушаал гарсан, хоёрдугаар элсэлтэд зориулсан удирдамж гарч, ажлын хэсэг байгуулагдсан.

Ажлын хэсгийг нийслэл, дүүрэг, сургууль дээр байгуулагдсан байгаа. Элсэлтийн бүртгэлийг сургууль дээр ажлын хэсэг хариуцаж зохион байгуулна. Дүүрэг дээр гарсан асуудлыг дүүргийн ажлын хэсэг хариуцаж ажиллах чиглэлтэй байгаа. Энэ хичээлийн жилд 38232 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцах төлөвтэй байгаа. 2019-2020 оны хичээлийн жилд 2013 оны нэгдүгээр сарын 13-наас 2013 оны арван хоёрдугаар сарын 31-ны өдөр төрсөн хүүхдийг бүртгэнэ. Бүртгэлийг энэ сарын 13-27-ны хүртэл явагдана. Бүртгэлээ эхлэхээс өмнө сургуультай танилцах өдөрлөгийг маргааш зохион байгуулна. Энэ өдөрлөгөөр эцэг эхчүүд хүүхдээ хаана ямар сургууль орох, хамран сургах тойргоо мэдэх, тухайн сургуулийн нөхцөл байдал ямар , багш боловсон хүчин ямар байна гэдгийг хүүхдээ дагуулж очиж танилцах боломжтой.

– Хамран сургах тойргийг танайхаас гаргадаг юм уу?

-Ер нь ачаалалтай сургуулийн ачааллыг багасгах зорилгоор хамран сургах тойргийг гаргадаг. Хамран сургах тойргийг нийслэлийн боловсролын газраас шууд гардаггүй. Энэ жилийн тухайд нийслэлийн засаг даргын 02 гэсэн албан даалгавар гарсан. Энэ даалгавраар дүүргийн Засаг дарга нарт тодорхой чиглэл үүрэг өгсөн. Үүний хүрээнд дүүргийн засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж хамран сургах тойргийг боловсруулж гаргасан.

-Жилээс  жилд сургуулийн ачаалал нэмэгддэг. Ирэх намар шинээр ашиглалтад орох сургууль хэд байгаа вэ?

-Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн хоёр ээлжид шилжүүлэх гэж байгаа. 2019-2020 оны хичээлийн жилд бүх сургуулиуд хоёр ээлжид оруулах Засгийн газрын болон нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Мөн энэ жил нэлээд хэдэн сургууль шинээр ашиглалтад орно. Шинээр баригдаж байгаа сургуулиудыг ашиглалтад оруулахаар БСШУЯ болон нийслэлээс нэлээд анхаарч байгаа. Шинээр сургууль ашиглалтад орохоор зарим сургуулийн ачаалал багасна.

 -Өнгөрсөн жил бүртгэлийг намар явуулсан. Энэ жил яагаад хавар явуулж байгаа вэ?

-Бид зургаан сард төсвөө өргөн барьж батлуулдаг. Төсвийн төслийг өргөн барихад тухайн сургууль хэчнээн ангитай, хэдэн багш ажиллах гэсэн тоогоо гаргадаг. Мөн хувьсах зардлаар санхүүждэг учраас энэ зардлаа ил тод болгох үүднээс зургаан сард бүртгэлээ зохион байгуулж байгаа юм. Эцэг эхчүүдийн хувьд гэсэн хүүхдээ бүртгүүлж, сургууль оруулах бэлтгэлээ хийх бололцоотой болно. Цаашид бүртгэлээ хавар зохион байгуулж байна.

-Нийслэлийн сургуулиудын хувьд анги дүүргэлт нэлээд их байдаг. Анги дүүргэлтийг багасгах боломж байгаа юу?

-Боловсрол соёл шинжлэх ухааны яам, Хөдөлмөрийн яамны хамтарсан тушаалаар нормыг зааж өгсөн байдаг. Нормоор бол нэг ангид 30-35 хүүхэд суралцах ёстой. Жилээс жилд сургууль орох хүүхдийн тоо нэмэгдэж байгаа учраас нормоор суралцах боломж хомс байгаа.

Тодорхой хэдэн сургуулиуд өнгөрсөн жилүүдэд хамран сургах тойрог харгалзахгүйгээр хүүхдүүдийг  элсүүлж авдаг байсан. Харин энэ жилээс эхэлж хамран сургах тойрогтой болгож байгаа. Хамран сургах тойрогтой болсноор тухайн сургуулиудын ачаалал багасч, нэг ангид байх хүүхдийн тоо ч буурна.

-Эцэг эхчүүдийн хувьд харьяа дүүрэг гэхээс илүүтэй “Сайн” гэсэн тодотголтой сургуулиудад хүүхдээ оруулахыг зорьдог?

-Монгол улсын хэмжээнд боловсролын нэг л стандарттай байгаа. Яамнаас баталсан сургалтын төлөвлөгөө болон хичээллэх  цаг нь адилхан. Захын хорооллын сургууль муу гэсэн ойлголт байхгүй. Иймээс эцэг эхчүүд  50-60 хүүхэдтэй ангид хүүхдээ өгөх үү. Эсвэл 35 хүүхэдтэй ангид хүүхдээ өгөх үү гэдгийг сайн  бодох хэрэгтэй.  Ер нь  эцэг   эхчүүд сургаар хүүхдээ сургуульд оруулах гээд байдаг. Хамран сургах тойрог гаргаж байгаа нь хүүхдийг гэртээ ойрхон сургуульд суралцуулах гэж гаргаж байгаа.  Сургуульдаа ирж очих гэж нэгээс хоёр цаг автобус унаанд явсан хүүхэд гэрийн даалгавар яаж хийхийн вэ. Иймээс бид  хамран сургах тойргийг гаргаж байгаа гэдгийг эцэг эхчүүд ойлгох хэрэгтэй. Манайхаас багш нарыг чадваржуулах ажлыг хийж байгаа. Мөн сургалтын хөтөлбөр төлөвлөгөө жигд хэрэгжиж байх ёстой гэдэг шаардлагыг багш нартай тавьж ажилладаг.

-Зургаан настнуудын бүртгэл тавдугаар сарын 27 хүртэл явагдана гэж байна. Бүртгэлээс хоцорсон тохиолдол дахин бүртгэл явуулах уу?

-Бүртгэлийн асуудал дээр эцэг эхчүүд хариуцлагатай хандах ёстой. Энэ жил хүүхэд нь сургуульд орох гэж байгаа бол хугацаанд амжиж бүртгүүлэх хэрэгтэй. Бид зунжин бүртгэл хийх боломжгүй. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангиуд зургадугаар сарын 1-нээс амарна. Иймээс хугацаандаа амжиж  хүүхдээ бүртгүүлэх хэрэгтэй.

Н.Алтанцэцэг

 

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …