“Үндэсний бичиг үсгийн баяр” Баасан гарагт эхэлнэ

“Үндэсний бичиг үсгийн баяр” 2019 оны тавдугаар сарын 3-8-нд  болох бөгөөд нээлтийн арга хэмжээ нь гуравны 11:00 цагт  Монгол Улсын Үндэсний номын санд болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлиг, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг  хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсэг, түүх, соёлын дурсгалаа судлах, хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэхээр жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Үндэсний монгол бичгээ хүүхэд залуучууд, хойч үедээ зааж сургах, өвлүүлэх, тэдний бүтээлч идэвхийг дэмжих, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах  уралдаан зэрэг уламжлалт арга хэмжээг орон даяар зохион явуулж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх тухай” 2018 оны 46 дугаар зарлигийг хэрэгжүүлэх зорилгоор Соёл, урлагийн газар  ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУБИС-тай хамтран “Үндэсний бичиг – Судалгаа, сургалт, хэрэглээ” эрдэм шинжилгээний хурал, Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй хамтран  аймаг, нийслэлийн хэмжээнд хаягжилт болон бараа бүтээгдэхүүнийхээ шошгыг үндэсний бичгээр бичиж хэвшсэн тэргүүний байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулна.

Мөн Монгол бичгийн нийгэмлэгээс Үндэсний бичгээр улирал тутам гардаг “Уламжлал”  сэтгүүлийн хоёрдугаар улирлын дугаарыг  “Үндэсний бичиг үсгийн баяр-2019” арга хэмжээнд зориулан гаргаж,  уншигчдын хүртээл болгоно.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/253 дугаар тушаалын дагуу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар нь Үндэсний номын сан, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүүхдийн төв номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, “Бичиг соёл” боловсролын төв, аймаг, орон нутгийн номын сангууд зэрэг боловсрол, соёлын байгууллагуудтай хамтран нэгдсэн төлөвлөгөөний дагуу тус арга хэмжээг зохион байгуулж байна.

Ерөнхий зохион байгуулагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар,  Үндэсний номын сан.

Хамтран зохион байгуулагч: Хүүхдийн төв номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, МУИС-ийн  ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхим , “Бичиг соёл, боловсролын” төв, Аймаг, нийслэлийн соёл, урлагийн байгууллагууд.

Эх сурвалж: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

 

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатар хот болон аймгийн төвийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

Хаваржилт хүндэрч буйтай холбогдуулан Засгийн газрын ээлжит хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ. …