Хүй цөглөсөн нутаг

Эх нутгийн зүг хүлгийн жолоо өргөн санасан сэтгэлээ амирлуулахаар алсын замд гарлаа. Монгол нутгийн минь үзэсгэлэнт сайхан байгаль нүдний минь өмнүүр жирэлзэн өнгөрсөөр л… бууж алжаалаа тайлан амарсан ч буцаад л унаандаа суун хүй цөглөсөн нутагтаа яарна. Яарсан сэтгэлд цаг хугацаа явж өгөхгүй, ядаж байхад зам хорогдохгүй нь хачирхалтай. Явсаар явсаар л …
Төрж өссөн нутаг ус минь ойртох бүр, өөрийн эрхгүй сэтгэл зүрх хүчтэй цохилон, догдолж нүдэнд минь хязгааргүй их аз жаргал, дурсамж дурдатгал, гуниг харууслын аялгуу хүртэл хөгжмийн олон эгшиг адил уянгална.
Хүн болгонд л төрж өссөн нутаг ус, хүний зэрэгт хүргэсэн ээжий аав хэн бүхнээс үнэтэй байдаг хойно доо. Өчүүхэн биеийг минь хүний дайтай явахад өндөр хөх уулс минь түшиж, өвгөд дээдсийн минь алтан сургаал замыг минь зааж яваа гэж бодном. Мөхөс миний төрж өссөн нутаг алдар нэрд гарсан, айлчин гийчин хурсан тийм нутаг бишээ. Гунхсан бүсгүйн бүдүүн хар гэзэг шиг хос хунгийн болзоо болсон гэзэг бүрдтэй, гурван хөх уулс нь цэцэг навч, ан амьтан, араатан жигүүртнээрээ гоёсон, Дээд тэнгэрийн заллагатай дэлгэр хангайхны шүтдэг даруухан овоо Маанын даваатай эглийн эгэл,эрхмийн эрхэм нутаг …
Хүрээд ирлээ би нутагтаа… аавын минь үнэр шиг дотно салхи, анхны минь хайр шиг дулаахан төрх, ай даа энэ энэ миний төрж өссөн өлгий… Хүүхэд насны гэгээн дурсамж хөврөн хөврөн сэтгэлд буулаа…
…Тугалаа би өөрөө тууна гээд л том хүн шиг алхахдаа хөлдөө таарах чулуу бүхэнг тоолон, энд ирэхээр эжий минь дуудна, их удаан туувал гэр минь харагдахаа болино, амьтны бяцхан үр тугалтайгаа их тогловол аягүй бол аав минь санаа зовоод араас ирнэ. Тэр толгодын цаана тэднийх байгаа энэ гэрийн эгч үнээгээ их орой сааж байна, хажуу айлын охин булгийн усанд явж байна, харьж байгаад би бас явнаа…Мааны даваан дээр нэг хар юм байна, магадгүй аавын минь дүү ирж байгаа болов уу гээл ар араасаа хөврөх бодолдоо хөтлөгдөн алхдагсан…
Ээждээ үнэсүүлээд аавыгаа дагаад эрдэм сурахаар явсан тэр он жилүүд яг л хормын өмнө болоод өнгөрсөн мэт сэтгэлд тодхон…
Тэр бяцхаан зүрх сэтгэлдээ эрдэм сурна, багшаар хичээл заалгана гэсэн гэгээн мөрөөдөлдөө хөтлөгдөн, эмээ өвөө, ээжий аав, дөнгөж төрсөн хөөрхөн дүүгээ орхин алсын замд одож байсан даа. Дөрвөн сайхан ачтаны хайр ивээлд дээдийн жаргалаар өссөн бяцхан охинд хүй цөглөсөн нутаг, сүү өргөн үдэх ээжий, сүсэглэн залбирсан буурайгаасаа холдох нь үнэндээ үгээр илэрхийлэшгүй утга уянга, уярал хайр байж дээ.
Их холын замд гарсан надад эрдэм сурах, ээжийгээсээ хол байх, эх нутгаа санана гэдэг хязгааргүй… нар гарах шиг инээсээр гүүн зэлнээс наашлах ээжий аав, налайтал бэлчих сэтгэлд дотно мал сүрэг, бүрдэнд минь ирэх хос хунгийн эрхэм алхаа, бүлээн дулаан харц, нутгийн буурал хөгшид, бүдэрч босож тоглож өссөн толгод, бүртийтэл ширтэх балчир жаахан дүү энэ бүгдийг голдоо ортол санах зовлон , нутагтаа ирж санасан сэтгэлээ дэвтээх шиг жаргал байгаагүйсэн. эх нутагтай минь миний жаргалдаа ташууран бүтэн байсан цаг үе мөнхөд холбоотой…
Дурсамж дахиад л хөвөрсөөр л … Хүний амьдрал хойно дандаа сайхан дурсамж байхгүй нь харамсалтай. Аавынх нь бие тааруу байна. хурдан нутагруугаа гараарай гэж тайван дөлгөөн хирнээ үл мэдэх айдастай хэлсэн ахын минь үг одоо ч чихэнд сонсогдсоор… хүй цөглөлсөн нутаг, хүрэн бор толгодынхоо зүг тийм их яаруу, алаг нүдэндээ гуниг тээсээр айдас дүүрэн гарч байсан удаа байгаагүйсэн. Охиноо ирэх сургаар хөл нь газар хүрэхгүй баярлаж, олон олон ухаа толгодоо уяртал, дуу аялан тосохоор ирдэг, сэтгэл зүрхний минь дулаахан нөмөр, эмзэг турьхан бүсгүй бидний эгнэгт ганцхан хамгаалагч хайр, охин үрийнхээ ганц бахархал болсон аав минь тосохоор ирсэнгүй ээ… хөврөн өнгөрөх хүмүүний хорвоод дахин хэзээ ч тосохооргүй болсон тэр дурсамж өөрийн эрхгүй нүдэнд минь гомдол харууслын нулимс тээсээр ирсэн нь энэ байлаа. Эх нутагтайгаа би элэг эмтрэх гунигаараа бас мөнхөд холбоотой.
Үнэндээ хүй цөглөсөн нутгаа яг энэ л хэвээрээ онгон дагшин, эгэлийн эгэл, сэтгэл зүрхэнд минь эрхмийн эрхэм хэвээрээ мөнхөд оршоосой гэж хүснэм. Хэтийдсэн их хөгжил дэвшил, хэтийдсэн их шунал хүсэл эх нутгийн минь элэг бөөр, зүрх, эд эрхтнийг үгүй хийж байгааг эмзэглэн байж олон жил харлаа.Энэ бүхэн ядаж төрж өссөн нутгийг минь л бүү дайраасай бурхан минь.
Эх нутагт минь эрхэм хээнцэр нэгний ярьдаг их хөгжил хэрэггүй их хайр халамж, энэ хэвээр нь үлдээх сэтгэл л хэрэгтэй.
Он цаг улиран өнгөрч
Олон юмс мартагдаж болно
Намайг л гэж бүхнээ зориулсан
Намхан буурал өвгөдөөс минь
Надад хүртээсэн
Буурал хангай нутгаа мартаж яахин чадах вэ?
Бууж мордож шүтэж явнаа охин нь…

2015.11.10

Улсын тэргүүний 48-р сургуулийн  Монгол хэл, уран зохиолын багш Б. Пунсалдулам

 

Санал болгох мэдээ

“Утгын чимэг-2021” наадмын тэргүүн өгүүллэгээр П.Батхуягийн “Агь нүдэлж байлаа” шалгарлаа

Соёлын яам, Монголын Зохиолчдын Эвлэл хамтран “Утгын чимэг-2021” богино өгүүллэгийн наадмыг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулав. …