Б.Баасандорж: Иргэд харьяалал харгалзахгүй хаанаас ч иргэний үнэмлэхээ захиалах боломжтой

Улсын Бүртгэлийн Ерөнхий Газраас иргэний цахим үнэмлэхийг онлайнаар захиалах боломжтой болсон талаар мэдээлэл хийлээ.

Анх удаа иргэний үнэмлэх авч буй иргэд үнэмлэхийг онлайнаар захиалах боломжгүй

БЕГ-ын дарга Б.Баасандорж “УБЕГ 2019 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс иргэний үнэмлэхийг цахимаар захиалах ажлыг албан ёсоор эхлүүлээд байна. Онлайн захиалгыг нэвтрүүлснээр иргэд харьяалал харгалзахгүй хаанаас ч захиалгаа өгөх боломжтой.

Өнгөрсөн онд 224,000 гаруй иргэн иргэний үнэмлэх захиалж авсан. Үүнээс 40 хувь дахин захиалга болон хаясан гээсний улмаас авсан байгаа юм. Эдгээр иргэдийн чирэгдлийг багасгаж байна. Гэхдээ анх удаа иргэний үнэмлэх авч буй иргэд үнэмлэхийг онлайнаар захиалах боломжгүй. Мөн 25, 45 настайд дахин шинэчилж иргэний үнэмлэх авахдаа онлайнаар захиалахгүй.Эдгээр тохиолдлуудад хурууны хээг дахин авах учраас заавал УБЕГ дээр биеэр очно. Бусад тохиолдолд онлайнаар захиалж болно.

Иргэний цахим үнэмлэхийн чип дээр доорх таван мэдээллийг агуулдаг

-Иргэний байнгын оршин суугаа хаяг

-Төрсөн газрын мэдээлэл

-Хурууны хээ

-Цахим гарын үсэг

-Иргэний үнэмлэхийн дугаар

Цахим иргэний үнэмлэхийн шинэ загварыг гаргаад байгаа бөгөөд шинэчилсэн загварыг баталчихвал хаягийг чипэн дээр хадгалж, ил бичихгүй болно. Мөн иргэн бүрт байдаг регистер, иргэний үнэмлэх, ЭМД-ын гэх мэт нийт 10 орчим дугаарыг бүгдийг нь чип дотор агуулж, иргэний үнэмлэх дээр ганцхан улсын бүртгэлийн 12 оронтой дугаарыг ил бичихээр төлөвлөж байгаа.

Регистерийн дугаарыг л хараад тухайн хүний нас, төрсөн газар, хүйсийг мэдэх боломжтой.Тиймээс энэ дугаарыг ил бичихгүй байх шийдэл яригдаж байна” гэлээ.

Иргэний үнэмлэхээ цахимаар захиалахдаа BURTGEL.MN хаягаар нэвтрэн орж ИРГЭНИЙ БҮРТГЭЛ гэсэн хэсгийг сонгоод ИРГЭНИЙ ҮНЭМЛЭХ ДАХИН АВАХ хэсэгт нэвтрэн орно.

Үүнээс өмнө та BURTGEL.MN сайтын баруун дээд буланд байгаа НЭВТРЭХ гэсэн хэсэгт орж БҮРТГҮҮЛЭХ товчийг даран эхлээд утасны дугаар, регистерийн дугаар зэрэг тодорхой мэдээллүүдээ өгч, бүртгүүлсэн байх шаардлагатай.

Өчигдрийн байдлаар 154 иргэн иргэний үнэмлэхээ захиалжээ. Иргэний үнэмлэх захиалах ажил өдөр бүр нэмэгдэх хандлагатай байгаа юм байна. Одоогийн байдлаар долоон иргэн иргэний үнэмлэхээ авахад бэлэн болсон байгаа аж.

Н.Алт


Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …