Д.Магсаржав: Эх орныхоо төлөө зүтгэдэг хүнийг л жинхэнэ эх орны хүү гэж хэлнэ

“Монгол цэргийн өдөр,” Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 98 жилийн ойн баяр тохиож байна. Энэ баярыг тохиолдуулан Хошууч генерал Дашийн Магсаржавтай ярилцлаа.

-Юуны өмнө таньд Монгол цэргийн өдөр Орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 98 жилийн ойн баярын мэнд хүргэе.
-Баярлалаа. Үе үеийн генерал, офицер, ахлагч, байлдагч, түрүүч, хилийн чанадад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдадаа, ахмад дайчиддаа цэргээс амьдралын гараагаа эхэлсэн хүмүүстээ болон тэдний ар гэрийнхэнд Орчин цагийн Зэвсэгт хүчний 98 жил, “Монгол цэргийн өдөр”- ийг тохиолдуулан баярын мэнд дэвшүүлж, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

– Хүүхдүүд багаасаа л эмч, багш, цагдаа … гээд өөрийн мэргэжлийг сонгосон байдаг. Таны хувьд цэргийн мэргэжлийг хэзээ сонгож байв. Яагаад цэргийн мэргэжлийг сонгох болов?

-Би 1971 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургуулийг төгсч, тэр ондоо өөрийн хүсэлтээр цэргийн албанд татагдаж, Ардын Армийн 012 дугаар ангид байлдагч цолтой хугацаат цэргийн алба хааж байлаа. Улмаар 1972 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн ар талын дээд сургуульд суралцсан. Ингэж л цэргийн амьдралаар амьдрах болсон доо. Цэргийн мэргэжлийг сонгож, Зэвсэгт хүчний эгнээнд үлдэх болсон өөр нэг шалтгаан гэвэл хүүхэд насны дэврүүн хүсэл байсан юм даа. Гэхдээ энэ сонголтондоо харамсаж байгаагүй.

-З дугаар сарын 18-ны өдөр бол Монгол цэргийн өдөр. Мөн цэргийн баяр. Гэвч энэ өдрийг иргэд хэт хавтгайруулж, олон нийтийн баяр болгож тэмдэглэж байна гэх шүүмжлэл байдаг л даа. Энэ өдөр зөвхөн цэргийн алба хаасан эрчүүд баярлах ёстой юу, эвсэл Монгол эрчүүд бүгд баярлах ёстой юм уу. Та энэ талаар юу гэж боддог вэ?

-Ер нь үнэхээр тэр хүнд эх орноо хайрлан хамгаалан гэсэн чин сэтгэл байвал энэ өдрийг бахархалтайгаар тэмдэглэхэд болохгүй нь юу байх вэ. Гэхдээ эрчүүдийн баяр гэхээс илүү Энхийг сахиулах ажиллагаанд явж байгаа, цэргийн байгууллагад ажилладаг эмэгтэйчүүд, цэрэг бүсгүйчүүд ч энэ өдөр баярлаж болно.

Оюутан залуус энэ өдөр баярлаж, цэнгэж яваа харагддаг. Ирээдүйд эх орныхоо төлөө зүтгэх цэрэг эр болно гэж сэтгэлдээ тээж явдаг байлгүй дээ. Ер нь бол нийтээрээ хавтгайруулан тэмдэглэх нь утгагүй. Монгол цэргийн баярыг тэмдэглэж байгаа цэрэг, түүний ар гэрийнхэн энэ өдөр баярлаж болно. Түүнээс бүх хүний баяр гээд л нийтээрээ баярлаад явбал учир дутагдалтай.

-Таны хувьд энэ баяраар хэрхэн баярладаг вэ. Хамт алба хааж байсан нөхөдтэйгөө уулздаг уу?

-Ер нь бол алба хашиж байх үедээ зохих хэмжээгээр албан ёсоор тэмдэглэдэг байсан. Одоо бол тэтгэвэртээ суусан болохоор гэр бүлийнхэнтэйгээ цомхон хүрээн даруухан тэмдэглээд л өнгөрүүлдэг дээ.

-Энэ өдрийг эр цэргийн эх оронч хөвгүүдийн баяр гэж миний хувьд ойлгодог л доо. Таны бодлоор эх оронч хүн гэж хэнийг хэлэх вэ?

-Энэ бол том агуулга. Зундуйн Дорж гуай “Хил, хэл, мал гурав” гэдэг үг хилээ хамгаалдаг, хэлээ хамруулдаг, эх орныхоо нэрийг бүтэн авч явна гэх утгатай гэж хэлсэн байдаг. Үүний адил сэтгэлтэй байхыг л эх оронч сэтгэлтэй гэх болов уу. Түүнээс би эх оронч гээд цээжээ дэлдсэн хүнийг “та эх оронч хүн юм байна” гэж хэлэхгүй л дээ.Мөн би эх оронч гэж ярихаасаа эх орныхоо төлөө зүтгэдэг хүнийг л жинхэнэ эх орны хүү гэж хэлэх болов уу.

-Таныг 1977 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн Ар талын дээд сургуулийг төгсөөд ирэхэд Дорноговь аймгийн Ардын армийн Зүүн баян дахь 169–р ангид албаны даргаар хуваарилсан гэдэг. Дөнгөж сургууль төгсөж ирээд томилолт авахад ямар санагдаж байв. Залуу хүн гэсэн айдас байв уу?

-1977 онд ЗХУ-ын Вольск хотын Цэргийн Ар талын дээд сургуулийг төгсөөд ирэхэд Дорноговь аймгийн Ардын армийн Зүүн баян дахь 169–р ангид албаны даргаар хуваарилсан. Тэр үед анги маань дөнгөж шинээр байгуулагдаж байсан л даа. Шинэ анги шинэ дарга бүгд шинээр ажиллах боломж бүрдсэнд олзуурхаж байлаа. Намайг удирдах дээд байгууллагаас ч их дэмждэг байсан. Олон сайн хүн тусалж, дэмждэг байсныг одоо ч би санаж явдаг. Манай ангийн ар талын орлогчоор ахмад Д.Цэвээндорж, хошууч н.Бадамхорлоо гээд туршлагатай, чадвартай хүмүүс байсан нь намайг халширч, бэргэлгүй ажиллахад тус төхөм болж байсан. Бид гар нийлж, ёстой л нэг гэр бүл шиг ажилласан.

Тэр үед би эдгээр хүмүүс болон цэргүүдээсээ их суралцдаг байлаа. Аж ахуйн салааны орлогч Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат нярав н.Мөнхбат, Хөвсгөл аймгийн харьяат н.Шийрэв зэрэг цэргүүдийг би одоо хэр дурсан бодож явдаг. Удалгүй намайг 1980 оны 8 дугаар сард 016 дугаар анги нэгтгэлийн албаны даргаар дэвшүүлсэн томилсон юм. Энэ хугацаандаа ч олон сайн хүмүүстэй ажиллаж, сайн хамт олны дэмжлэгийг хүртсэн.

Миний бахархан билэгшээж явдаг зүйл гэвэл Монгол Улсын Дархан аварга н.Бээжин, даян аварга Ш.Батсуурь нартай хамтран зүтгэж явсан явдал юм. Н.Бээжин аварга хошууч цолтой, их л яриа хөөрөөтэй, олныг цуглуулж, баясгасан хүн байлаа. Харин Ш.Батсуурь аварга маань ахмад цолтой, манай агуулахын даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан юм. Хамрын тамхи байнга татдаг, ажлын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй, дуу цөөтэй гүндүүгүй нэгэн байж билээ. Дурсаж санахад таатай байдаг шүү.

-Та 1997 онд тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатаас Хошууч генерал цол хүртсэн. Цэрэг хүний дээд хүсэл мэдээж генерал цол байдаг болов уу. Энэ цолыг хүртэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-1997 онд Генерал цолыг хүртэхдээ өөртөө итгэж ядаж байсан. Мэдээж би цолны төлөө зүтгэж цол авна гэж бодож ч яваагүй. Зөвхөн өөрийн албан үүргээ зохих ёсоор нь хийж гүйцэтгэх юмсан гэж явсны үр дүнд байсан байлгүй дээ. Тэрнээс биш энэ талаар хүсэж мөрөөдөөгүй байсан болохоор тухайн үед балмагдах үе байсан.

-Таныг цэргийн алба хаагчийн шинэ загвар буюу одоогийн өмсөж хэрэглэж байгаа дүрэмт хувцасны загварыг бэлтгэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1998 оны 180 дугаар зарлигаар батлуулахад мэргэжлийн хүний зүгээс идэвхтэй оролцож тус дүрэмт хувцсыг өмсөж хэрэглэх норм, дүрмийг батлуулсан гэж сонссон. Энэ талаар дэлгэрүүлж яриач?

-1998 онд цэргийн алба хаагчдын одоогийн өмсөж байгаа дүрэмт хувцасны загварыг бэлтгэх болон дүрэмт хувцсыг өмсөж хэрэглэх норм, дүрмийг батлуулах үед би Монгол Улсын Зэвсэгт Хүчний Жанжин штабын орлогч дарга, ар талын газрын даргын алба хашиж байсан юм. Энэ үед манай штабын бүх хүмүүс энэхүү ажилд гар бий оролцсон дан ганц миний бие энэхүү ажилд оролцоогүй юм. Бүгд бие сэтгэлээ зориулан ажилласан.

– Хошууч генерал цолтой, гавьяаныхаа амралтад гарсан хүний нүдээр харахад таныг энэ зэрэгт хүрэхэд юу их нөлөөлөв?

-Намайг хүний дайтай явахад минь тусалж дэмжиж байсан олон хүмүүс бий л дээ. Хурандаа Ч.Төрмөнх, хошууч генерал Х.Жүгдэрнамжил, дэд хурандаа Г.Ядмаа, Ч.Дашдэлэг, хурандаа Ю.Содов, А.Баттулга, Ш.Баатаржав, С.Балгансүрэн, Д.Батболд, Г.Баярсайхан, С.Мөнхбаяр нарын зэрэг хүмүүс тусалж дэмжиж байсан юм Мөн “Хүний төрсөн нутаг, хүлгийн унасан газар, хунгийн сэлсэн нуур энэ бол эргэж заавал очих эрхэм нандин зүйл билээ” хэмээн нэгэн уран үгийн мастерийн хэлсэнчлэн Хар азаргын нуруу, Их бага Таян, үзэсгэлэн төгөлдөр Ээж хайрхан, Бүрэн зэрэг уулс, тоглож өссөн Цээлийн голоо насан турш хүндлэн шүтэж, нандигнан хайрласаар явна. Энэ л сайхан нутгийн минь уул ус газар хөрс нь эх орноо гэсэн сэтгэлийг энэ биенд минь хөглөж, амьдралд хүний дайтай явахад хүргэсэн билээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …