Н.Наранбаатар: Бидэнд олон нүүр хэрэггүй

Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгсийн зохиол “Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжиг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатарын найруулгаар Улсын драмын эрдмийн театрын тайзнаа гуравдугаар сарын 1-ний өдөр буюу маргааш  нээлтээ хийх гэж байна.

УДЭТ-ын уран бүтээлчид өнөөдөр 2019 оны шинэ уран бүтээл болох “Бүсгүйн зурвас”  уран бүтээлийнхээ талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар хэлэхдээ “Манай театр бол хүний сэтгэлийг эмчилдэг газар. Бид хүний сэтгэлийг эмчилж, тархинд нь хүрч, тархийг эмгэггүй, эрүүл саруул, оюунлаг байлгах гэж зүтгэдэг.“Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжиг  хүмүүсийн дотоод зөрчилдөөнийг хөндөн харуулсан.

Өнөөдрийн нийгэмд хүмүүс нэг нэгнээ таньж мэдэхгүй байна, нэг гэрт хамтран амьдарч байгаа гэр бүлийн хүнээ таньж мэдэхгүй байна, төрүүлж өсгөсөн үр хүүхдээ таньж мэдэхгүй байна. Өнөөдрийн нийгэмд өөрөө өөрийгөө таниагүй хүн биднийг жолоодож явна гэдэг эмгэнэл. Бид  хүнийг таньж чадахгүй байгаа учраас сонголтоо зөв хийж чадахаа байсан байна. Хүний амаар нүд хийж амьдрахаа болих хэрэгтэй. Бид эцэг эхээс заяасан ганцхан нүүртэй. Бидэнд олон нүүр огтоосоо хэрэггүй” гэлээ.

“Жүжиг мэт амьдралд-Амьдарч буй мэт жүжиглэсээр орших” хэмээн өгүүлэх “Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжгийн гол дүр Архай сайдын дүрд МУГЖ Б.Жаргалсайхан,  МУСТА С.Болд-Эрдэнэ, Эхнэр Туяагийн дүрд MУГЖ Г.Урнаа, Ж.Оюундарь, сурвалжлагч Итгэлийн дүрд Б.Золзаяа, MУСТА М.Тогтохжаргал нар тогложээ.

“Бүсгүйн зурвас” нийгмийн драмын жүжгийн гол дүр Архай сайдын дүрийг бүтээсэн МУГЖ Б. Жаргалсайхан:Архай сайдын дүр эрх мэдэл, хөрөнгө мөнгөний хойноос юугаа ч золиосолж чаддаг шуналтай  хүний дүр. Ер нь бол хүнээс гарч болох ааш араншин юу байна, тэр муу зүйлийг хийхэд хүн ямар л аргыг хэрэглэж дээшээ гардаг вэ гэдгийг дүрээрээ гаргана.

Архай сайдын эхнэр Туяагийн дүрийг бүтээсэн МУГЖ Г.Урнаа:Театрын тайзнаа ханьтайгаа хоёр дахь удаагаа гол дүрд тоглолоо. Гэр бүлээ бүтэн авч үлдэхийг хичээсэн, олон нүүртэй хүнийг ганц нүүртэй болгохын тулд зүтгэж байгаа эхнэрийн дүрд тоглолоо. Жүжиг нийгмийн бүхий л хүрээний асуудлыг  хөндөн харуулсан бүтээл байгаа. Туяагийн дүр бол балетчин эмэгтэй. Тэр эрхэмсэг байдал, мэргэжлийн хэвшсэн зан чанарыг сайн судалж, ажиллалаа.

Нэр төртэй төрийн түшээ, сайд Архайтай хөрөг ярилцлага хийхээр тохирсон сэтгүүлч бүсгүй Итгэл сайдын гэрт очиж буйгаар энэхүү жүжиг эхэлнэ

Аав ээж, нутаг ус, амьдралын замналаа Архай сайд Итгэлтэй илэн далангүй хөөрөлдөж сэтгэл уярам түүхийг өгүүлнэ. Гэвч тэдний энэ удаагийн уулзалт сайдын гэрт гэнэтийн зочид ирэх сургаар аргагүйн эрхэнд тасалдахад хүрч ярилцлагаа маргаашийн өдрийг хүртэл түр хойшлууллаа.

Маргааш өдөр нь Итгэл сайдын гэрт дахин зочлоход өчигдөр өөртэй нь уулзсан тэр хүн төрөл арилжсан мэт өөрчлөгдсөн байх нь тэр. “Ийм л хүн түмэн олны итгэлийг дааж төрийн түшээ бололгүй ч яахав дээ” гэж бодож байсан Итгэлийн урам зориг, бахархал, хүндлэл салхинд туугдах мэт хийсэн одож, Архай сайдын ярьж хэлсэн бүрийн алинд нь чухам “үнэн” оршиж байгааг тааварлаж мэдэхийн эцэсгүй байдалд оруулж, энэ хүн чухам хэн юм бэ? гэсэн эцэс төгсгөлгүй таавар тайллын өмнө түүнийг аваачив. “Нууц” нь, “Үнэн” нь хаана байсныг жүжгийн өрнөлөөс толилдоорой…

УДЭТ-ын 2019 оны хамгийн анхны шинэ уран бүтээл болох тус жүжгийн тасалбар энэ сарын 21-нээс эхлэн худалдаанд гарсан бөгөөд тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 10000, 15000, 20000, 25000, 30000 төгрөгөөр худалдаалагдаж  байна.

Тасалбарыг: www.ticket.mn болон УДЭТеатрын билетийн кассаар худалдаж эхэлсэн бөгөөд 1900-1800 дугаарт залган үнэгүй хүргүүлэх боломжтой.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …