Хот төлөвлөлт судалгааны институт байгуулах үүрэг өгөв

Нийслэлийн ИТХын тэргүүлэгчдийн хуралдаан хуралдаж “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГыг өөрчлөн байгуулах саналыг хэлэлцэх тухай, Нэр бүхий газруудыг орон нутгийн хамгаалалтад авах тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай болон Бусад асуудлыг хэлэлцэв.

“Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГ нь анх 1964 онд “Барилга засвар шугам сүлжээний зураг төсвийн групп” гэсэн нэрээр байгуулагдаж түүнээс хойш 50 гаруй жил аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаа явуулж өнөөдрийг хүрсэн. Байгууллагын үндсэн зорилго нь нийслэлийн иргэдийг эрүүл, аюулгүй, тохилог орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлыг нийслэл хотын хөгжлийн үзэл баримтлал, хот байгуулалт, төлөвлөлтийн бодлоготой уялдуулан хот төлөвлөлт, эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төслийн ажлаар дамжуулан хүргэхэд чиглэдэг.

Байгууллагын хувьд төрөөс санхүүжилт авдаггүй, хүний нөөцийн асуудлыг тогтвортой байлгахад анхаарах шаардлагатай, үндсэн чиг үүргийн хүрээнд хийх ажлыг сонгон шалгаруулалтаар авдаг байдал нь тулгамдсан асуудал болж байна  гэдгийг “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГын дарга Ч.Рэгзмаа байгууллагын танилцуулга мэдээлэлд онцолсон юм.

“Зураг төслийн хүрээлэн”-ээс хийсэн танилцуулга  мэдээллийн дагуу тэргүүлэгчид өөрсдийн саналыг хэлэв. Тухайлбал, Тэргүүлэгч Б.Батнасан “Нийслэл хажуудаа “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГтай байдаг. Гэтэл тухайн байгууллага нь өөрөө сонгон шалгаруулалтад орж  хийх ажлаа авдаг. Иймд нийслэлийн өмчит гэж явах ямар шаардлага байгаа юм бэ? Нэгэнт нэршил болон ажил үүргийн чиг нь тодорхой байхад энэ чиглэлийн ажлыг тухайн байгууллагад төвлөрүүлэх нь зүйтэй гэж гэж бодож байна” гэв.

Нийслэлийн ИТХын тэргүүлэгч Н.Батсүмбэрэл “Хот төлөвлөлт маш муу хийгддэг. Иймд тухайн байгууллагын ажиллах боловсон хүчин, байгууллагын өрсөлдөх чадвар ямар төвшинд байгаа тухай мэдээлэл хэрэгтэй байна. Хотын төвлөрөл их яригдаж байгаа. Иймд дүүргийн төвүүдийг нүүлгэн шилжүүлэх боломжтой юу? Тухайлбал Чингэлтэй дүүргийг долоон буудал руу гэх мэт. Нийслэлийн авто замын нөөц, ундны усны нөөц, газар зохион байгуулалтын нөөц, эрчим хүчний нөөц гэх мэт асуудлууд ямар түвшинд байдаг тухай мэдээллийг бидэнд гаргаж өгөх хэрэгтэй” гэсэн саналыг илэрхийлэв.

Нийслэлийн иргэд бид аюулгүй, ээлтэй, тохилог орчинд ажиллаж амьдрах үндэс нь хот төлөвлөлт юм. Гэтэл өнөөдрийн байдлаар дээрх асуудал ямар төвшинд байгаа нь тодорхой байна гээд  нийслэлийн ИТХын дарга С.Амарсайхан “Өнөөдрийг хүртэлх хугацаанд хот төлөвлөлт замбараагүй, зохион байгуулалт байхгүй, шинжилгээ судалгааны үндэслэлгүй явагдаж ирсэн. Үүнийг цэгцлэхийн тулд хот төлөвлөлтийн институтийг яаралтай байгуулах шаардлагатай байгаа. “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГ нь хотыг аюулгүй, хөгжил дэвшилттэй, амьдралтай хот болгохын тулд илүү өргөн хүрээтэй сэтгэж, шинийг санаачлан ажиллах ёстой. Иймд байгууллагын бүтэц болон чиг үүргийг тодорхой болгож өөрчлөлт хийнэ. Үүнтэй холбогдуулан бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны үндсэн чиглэл зэргийг тодорхой болгож эргэн мэдээлэл хий” гэсэн үүрэг даалгаврыг холбогдох байгууллагуудад өгөв. Үүний дараа Тэргүүлэгчид Хот төлөвлөлт судалгааны институт байгуулах үүргийг судалж танилцуулахыг Нийслэлийн Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд, институтийн байгуулахтай холбоотой санал дүгнэлт гарган танилцуулахыг “Зураг төслийн хүрээлэн” ОНӨҮГ-т тус тус үүрэг болгов.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Нэр бүхий газруудыг орон нутгийн хамгаалалтад авах тухай мэдээллийг Нийслэлийн байгаль орчны газрын дарга Э.Баттулга хүргэв. Манай улсын хувьд төгөл, намагтай газруудыг хамгаалалтад авах олон улсын конвенцод нэгдсэн байдаг. Үүний дагуу нийслэлийн хэмжээнд буй 11 төгөл, булаг, намаг бүхий газруудыг хамгаалалтад авах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн тухай тэрбээр танилцуулав.  Нийслэлийн ИТХын орон нутгийн хамгаалалтад авах тухай тогтоолоор Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий гурван газрыг хамгаалалтад оруулах шаардлагатай байгааг тодотголоо. Тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Бэрх Төгөл, Гурван модны булаг, Дээдийн нуруу гэсэн нэр бүхий газрууд нь төгөл, намгархаг газрууд бөгөөд эдгээр газрыг хамгаалалтад авснаар экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, ан амьтан, ургамал зэргийг хадгалан үлдэх боломж бүрдэнэ гэв. Нийслэлийн ИТХын Тэргүүлэгчид холбогдох тогтоолыг баталж дээрх нэр бүхий газруудыг орон нутгийн хамгаалалтад авлаа.

Хуралдаанд Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай асуудлыг НӨХГын дарга Ч.Однасан танилцууллаа.  Нийслэлийн гэр хорооллын бүсэд ундны ус түгээх байр өнгөрөгч онд наймаар нэмэгдсэн бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт байршилтай эдгээр объектуудыг нийслэлийн өмчид бүртгэх асуудлыг хэлэлцэж өгөхийг тэрээр Тэргүүлэгчдээс хүсэв. Мөн Монгол улсын Засгийн газраас батлагдсан “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн өмчийн түрээсийн орон сууцны сан бүрдүүлэх зорилгоор нийслэлд шинээр баригдаж ашиглалтад орсон боловч борлогдоогүй орон сууцнаас худалдан авах ажиллагааг зохион байгуулах асуудлыг нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нийслэлийн өмчид бүртгэн авахаар болсныг мэдээлэв. Тэргүүлэгчдийн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлалтай 70 айлын орон сууцыг Ахмадын хотхон-1 ОНӨААТҮГ-ын данс бүртгэлд шилжүүлэн авахаар болж тогтоолын төслийг баталлаа.

Хуралдааны төгсгөлд бусад асуудлын хүрээнд “Цахим бодлогын зөвлөл” байгуулах тухай болон эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан нэр бүхий хүмүүсийг төрийн дээд шагнал, одон медальд уламжлах тухай асуудлыг хэлэлцэн дэмжив.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …