Монголчууд МАНАН-гийн эсрэг тэмцэж байна

УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаас огцрохыг шаардсан “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” эсэргүүцлийн тайван жагсаал Сүхбаатарын талбайд болж байна. Жагсаалд УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар тэргүүтэй гишүүдээс гадна Ардын уран зохиолч Т.Галсан, Хөдөлмөрийн баатар Ч.Хурц, Алтан дорнод Монгол компанийн захирал Т.Ганболд, МУГЖ У.Далантай, МУСТА Дуучин Т.Дэлгэрмөрөн зэрэг олонд танигдсан олон хүмүүс дэмжиж иржээ.

Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг албан тушаалаа хүлээлгэж өгөхөөс нааш тэмцлээ зогсоохгүй, үргэлжлүүлсээр байна гэдгээ мэдэгдээд байна. Мөн тайван жагсаал дуусаад 250 орчим хүн өлсгөлөн зарлахад бэлэн гэдгээ илэрхийллээ. Тодруулбал өнөөдрийн жагсаалын төгсгөл хугацаагүй суулт хэлбэрт шилжих бөгөөд улс төрийн ямар л хурц хэлбэр байна, түүнийг хийж шударга бустай тэмцэнэ гэв.

МАНАН- г эсэргүүцсэн ард түмний тэмцлийн жагсаал хоёр дахь удаагаа илүү олон хүнийг хамарч, орон нутгуудаас маш олон төлөөлөл, мөн хилийн чандад 20 гаруй улс оронд амьдарч буй иргэдийн жагсаалаар хүрээгээ тэлжээ. Тэмцэл улам бүр ширүүсч, ард түмэн туйлдаа хүрсэн гэдгийг өнөөдрийн жагсаалаас бүрэн харж болохоор байна.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ индэр дээрээс жагсагчдад хандан хэлэхдээ” Улаанбаатар хот, 21 аймгаас иргэд жагсаалыг дэмжин оролцож байна. Мөн Австрали, Швед, Швейцарь, Бельги, БНСУ, ОХУ, АНУ зэрэг гадаадад суугаа монголчууд МАНАН дэглэмийн эсрэг энэ тэмцлийг дэмжин, цахим орчинд дуу хоолойгоо илэрхийлж байна. Бидний өмнөх жагсаалыг 1990 оноос хойших хамгийн олон хүн хамарсан, хоёр дахь түүхэн жагсаал хэмээн гадны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн.

УИХ-ын дарга М.Энхболд огцрохгүй гэж байсан бол өнөөдөр өөрийгөө огцруулах асуудлыг хэлэлцэх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж гарын үсэг зурлаа. Монголын ард түмэн байгалийн баялгаа тэгш хүртэх, шударга ёсыг тогтоохын төлөө энд цуглаад байна.

Өнөөдөр Монголын хүн амын 30 хувь буюу 3 хүн тутмын нэг нь нэн ядуу байна. Банкны хадгаламжийн 98 хувийг цөөхөн хүн эзэмшдэг. Монголын ард түмэн тэдний хадгаламжийг өсгөхийн төлөө ажиллаж байна. Та бид авлигын гав гинжийг таслахаар, МАНАН дэглэмийг нураахын төлөө хуран цуглаад байна. Монгол хүн баялагтаа эзэн байхын төлөө, баялгийн сан байгуулахын төлөө хуран цуглаад байна. МАНАН тогтолцооны хамгийн том авлигач М.Энхболдыг огцруулахын төлөө цуглаад байна. Энэ бүхнийг устгаж, шинэ 25 жилийн хөгжлийн түүхийг шинээр бичихээр хуран цуглаад байна. Бид хууль бус үйлдлийг нүд цавчилгүй хардаг хүчтэй иргэний нийгмийг бүрдүүлжээ”гэлээ.

 

Санал болгох мэдээ

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын …