С.Жавхлан: Гуравдугаар ээлжийн хүмүүсийг хооллоод хэрэггүй байх

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн С.Жавхлан:Би маш олон удаа хэлсэн. Нохой хуцах чинээ тоогоогүй шүү. Үнэний галд та бүхэн шатаж байна. Ямар их гүжир гүтгэлэг болов оо. Би бие даагч хүн. Та нарын хэрүүл надад ямар хамаатай юм. Сонгогдох болохоороо үнэсэлдээд л, энд орж ирэхээрээ алалцаад л. Үнэхээр миний ойлгож байгаагаар гуравдугаар ээлж хоолонд ормоор байх шиг байна. Манай тойргийнхон хэлсэн төр тогтвортой байх ёстой шүү гэж.Тогтвортой байсан нь дээр байх өө. Одоо наад хэрүүлээ болиод ажлаа хийцгээ. Гуравдугаар ээлжийнхэн бүүр цөөвөр чоно шиг өлөлзөөд. Ерөнхий сайдад хандаж хэлэхэд С.Жавхлан ингэлээ гээд Засгийн газрын толгойг илэхгүй. Та нарыг зүгээр хөөж явуулахгүй. Байлгаж байгаад хариуцлагыг чинь хүлээлгэнэ. За ер нь бол та нарыг байлгаж байгаад хариуцлагыг тооцсон нь дээр байх. Дахиж өөр ээлж хооллоод яах юм.Та нар ажлын байраа нэмэгдүүл. Би тойргуудаар явж шалгана шүү. Бөхийн өргөөг онгойлгооч та нар. Би сонгогчдоо олноор нь цуглуулаад уулзаж чадахгүй байна. Өнөө орой та нарыг яаж эвлэлддэгийг харъя. Монгол төрийг битгий доромжлоод байгаарай.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:Ямар ч юман дээр шударга ёс байхгүй байна. Тиймээс ард түмэн бухимдаж байгаа. Би ард түмэн энэ хэрүүлийг үл тоогоосой, битгий үзээсэй гэж хүсэж байна. Өөрсдийгөө их хурал, төр гэж ярьж, чанга чанга орилж байгаа хүмүүс олон нүүр царайтай гэдгийг өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд ойлголоо. Засгийн газрыг тогтвортой байхыг дэмжих ёстой. Засгийн газар уналаа гээд хэн ч хожихгүй, ард түмэнд ямар ч ашиггүй.

УИХ-ын гишүүн Л.Болд:Тав дахь удаагаа УИХ-д сууж байгаа учраас надад УИХ-уудыг харьцуулах боломж байна. Би энэ хуралд орж ирэхдээ айж байсан. Удирдагчид нь би 65 суудал авчирлаа гээд л түүнийг нь гишүүд ч, ард түмэн ч энгийн мэт хүлээж авсан.

Өнгөрсөн хугацаанд олон Засгийн газар огцроход МАН 100 хувь санал өгч огцруулдаг байсан. Харин өнөөдөр энэ нам хоёр хэсэг болж, аль нь зөв бэ гэх шударга ёсны тэмцэл явж байна. Би баярлаж байна. Өнөөдөр Ерөнхий сайдын амлалтыг сонсоод дэмжье гэж бодлоо. Ерөнхий сайд энэ танхимд амласан амлалтаа биелүүлбэл би хоёр гаргаа өргөөд дэмжинэ

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:Хохиролгүй юм гэж байхгүй. Бага хохиролтой байхын тухай л асуудал байна. Засаг нь тогтвортой байгаад хариуцлагаа тооцоод явбал дээр байх

УИХ-ын гишүүн Ч.Улаан:УИХ чухал асуудал хэлэлцэж байна. Хэн нь хэн бэ гэдгийг бид бүгдээрээ мэддэг болсон. Төр цэвэрших үйл явц үргэлжилж байна. Би үүнийг буруу муухай зүйл гэж бодохгүй байна. Харин цэвэрлэгээ гэж сүр дуулиан болгож ярих нь тохиромжгүй. УИХ төрөө цэвэршүүлэх үү, үгүй юу гэдгийг шийдэх гэж байна. Би төрөө олигархаас цэвэрлэхийг дэмжинэ.Өөрөөр хэлбэл би Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй.Өнгөрсөн хугацаанд та нарынхаа дунд ажиллахдаа олон зүйлийг ажиглалаа. Шинжлэх ухаан, улс төр хоёр бие биеэ үгүйсгэдэг салбар биш ээ. Бид цаашид залуучуудаа бэлтгэхэд зөв ойлголт төрүүлэхгүй бол энэ байдлаараа маш бүрхэг байна. Сүүлдээ хүмүүс үнэн мөнийг ч ялгахаа байлаа. ЖДҮ-гийн асуудал гарч ирсэнд би баяртай байгаа. Цаашид сангуудыг шалгах ажил эхэлж байгаад баяртай байна. Өнөөдөр улс төрд орж ирснээрээ аавынхаа өмнөөс ийм байдалд орсон. Баялаг бүтээж байгаа хүмүүсээ харлуулах хэрэггүй олов уу. Би аавдаа зээл авч өгнө гэж ч юу байхав. Үүнийг хууль шүүхийн байгууллага тогтооно. Хууль хяналтын байгууллага нь ч шалгаж байгаа. Асуудал шалгагдаж дууссаны дараа буруутай эсэхийг ярих хэрэгтэй болов уу. Нийгмийн хүсэмжлэлийг бид мэдрэх ёстой.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. Монгол says

    Ишш Жавхлан минь дээ дуугаа дуулаад явж байхгүй, энэ чадахгүй,мэдэхгүй улс төрөөр яах гэсийм. Одоо саналаа Нямдорж ахынхаа заавраар дарангуйлагч Хүрэлсүхийг дэмжиж саналаа өгч байна. Хүрэлсүх дарга чинь САЙДаар шагнахуу.

Comments are closed.