Уул уурхайн компаниудаас санхүүждэг хууль сахиулагчдаасаа хэзээ салах вэ, Ц. Нямдорж сайд аа

Уул уурхайн салбар Монгол Улсын эдийн засгийн дийлэнх хэсгийг бүрдүүлдэг. Үүнийг дагаад тус салбарт авлига, хүнд суртал, хээл хахуулийн гэмт хэрэг гарах эрсдэл өндөртэй. Гэсэн хэдий ч уул уурхайн салбар дахь авлигын талаар судалж шинжилсэн зүйл бараг алга. Тусгай зөвшөөрөл авахаас эхлүүлээд уурхайг хаах хүртэлх бүх л үйл явц, цаг үед хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил дагаж байгаа гэхэд нэг их буруудахгүй л болов уу. Уул уурхайн компаниудаас хандив авдаг хууль сахиулагчид цөөнгүй байдаг талаар иргэд хоорондоо ярьж, хамт ажиллагсад нь мэддэг ч тэр бүр нийтэд дэлгээд байж чаддаггүй. Компаниудаас санхүүждэг нэг бус хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байгаа билээ.

Харин хэрэгт холбогдогсдыг гахай болгох уу, үнээ болгох уу гэдэг нь прокурор, шүүхийнхнээс хамаарах нь. Хууль сахиулагчдын дунд тогтсон жаргон хэллэгээр бол гахай болгоно гэдэг нь хэргийг хурдан шуурхай шийдэж, ял шийтгэл ногдуулахыг хэлж буй аж. Харин үнээ болгоно гэдэг нь хэргийг шалгаж буй нэрээр цаг хугацаа хожиж, шалгуулагчдаас байнга мөнгө сааж байхыг хэлэх болжээ.

ГААЛИЙН ХУУРАМЧ БҮРДҮҮЛЭЛТЭЭР ВОЛЬФРАМАА ХЯТАДАД ХҮРГЭЖЭЭ

Газрын хэвлий дэх баялаг бол ард түмний өмч хэмээн Үндсэн хуульд заасан. Гэвч ард түмний өмчийг сахин хамгаалж байх үүрэгтэй хууль сахиулагчид эрх мэдлээ урвуулж, байгалийн баялгийг хууль бусаар хил давуулсан гэмт үйлдэлд холбогдон шалгуулснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн III хэлтсийн даргаар ажиллаж байсан, дэд хурандаа С.Батзаяа бусдаас 20 000 ам.долларыг хахуульд авч байгаад үйлдэл дээрээ баригдан, өнгөрсөн зургадугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч захирамж гаргаж цагдан хорьсон билээ.

…АТГ-т шалгуулж буй эдгээр хэргээс гадна алтны уурхайнуудаас хахууль авдаг албан тушаалтнуудынхаа үйлдлийг цагдаагийнхан өөрсдөө ихэд нууцалж, дарж буй юм билээ. ЦЕГ-ын Хяналт шалгалт, үнэлгээ, дотоод аудитын хэлтэст Дархан, Сэлэнгийн нутагт ашигт малтмал олборлодог нэгэн компанийн захирал гомдол мэдүүлсэн ч тус газрын эрх бүхий албан тушаалтнууд нь шалгаагүй гэх мэдээлэл байдаг…

Уг хэрэгт түүнтэй хамт Ховд аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Ганболд, Архивын ерөнхий газрын дэд даргаар ажиллаж буй Б.Үнэнбат, “Нуурын Чинбаа” гэдэг хочоороо шоронд ял эдэлж байсан хүмүүсийн дунд танигдсан С.Чинбат, “Белон” компанийн захирал Р.Баатархүү нарыг шалгаж, тухайн үед нэр бүхий хүмүүсийг цагдан хорьсон билээ. Тэднээс гадна Ховд аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан, өдгөө Сүхбаатар дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхболдыг ч тухайн үед саатуулсан. Түүний дансанд “Белон”-ы Р.Баатархүүгээс багагүй хэмжээний мөнгө шилжүүлсэн байдаг бөгөөд шалгалтаар тэр нь хүүхдийн эмчилгээний зардалд зориулж урлагийн тоглолт зохион байгуулж, нутгийн зөвлөлийнхөн нь хандивласан болохыг тогтоосон аж.

ХЗДХЯ-ны харьяа агентлагийн дээрх таван албан тушаалтныг Ховд аймгийн Цэцэг сум дахь вольфрамын ордоос их хэмжээний ашигт малтмал гаалийн хуурамч бүрдүүлэлтээр хил давуулж, БНХАУ-ын нутагт хүргэсэн гэж буруутгаж байгаа юм. Шалгалтын явцад гол зохион байгуулагч байж магадгүй хүнийх нь дансанд хахууль байж болзошгүй 1.9 тэрбум төгрөг орсон нь АТГ-ынхны анхаарлыг татаж үргэлжлүүлэн шалгаж буй юм билээ. Гэвч мөрдөн байцаалтад багагүй саад учирч байгаа бололтой. Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр өмнөд хөршөөс энэ хэрэгт холбоотой баримтууд гаргуулж авах шаардлагатай болсон учраас шалгалт удаашрах болжээ. Өдгөө энэ хэрэгт сэрдэгдсэн ХЗДХЯ-ны харьяа агентлагийнхныг бүгдийг нь батлан даалтад гаргаж, зөвхөн “Белон” компанийн захирал Р.Баатархүүг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

 

Холбоотой мэдээлэл

Comments are closed.