Ц.Цогзолмаа: Сайн багшаас сайн шавь төрнө

БСШУСЯ, Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Ахмад багш нарын холбоотой хамтран ахмад багш нарт хүндэтгэл үзүүлэх дурсамж, уулзалтыг Олон улсын багш нарын болон Монголын багш нарын өдрийг тохиолдуулан Төрийн ордонд зохион байгууллаа.

Тав дахь жилдээ болсон уг арга хэмжээнд манай улсын аймаг, сум бүрээс төлөөлөн болон 1000 багш хүрэлцэн ирсэн бөгөөд дурсамж уулзалтын нээлтэнд УИХ-ын гишүүн, БСШУСЯ-ын сайд Ц.Цогзолмаа, Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ахмад багш нарын холбооны тэргүүн, гавьяат багш Д.Амар нар үг хэллээ.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хэлсэн үгэндээ “Нийгэм бүхлээрээ эерэг, сайн өөрчлөлтийг хүсэж, хүлээж байна. Энэ өөрчлөлтийг авчрах хамгийн гол хүмүүс нь багш нар. Хүүхдийг бага наснаас нь, залуучуудыг оюутан байхад нь нийгэмдээ ямар оролцоотой хүн болгож төлөвшүүлэх нь багшийн ажлаас ихээхэн шалтгаална Товчхондоо сайн багшаас сайн шавь төрнө. Тиймээс ахмад багш нар нь залуу багш нараа халамжлан хүмүүжүүлэх ажлыг салбар яам Ахмад багш нарын холбоотой хамтран хийнэ. Туршлага гэдэг нэг өдөр бий болдоггүй. Насаараа ажиллаж байж бий болгосон туршлага, үнэт зүйлээ залуу үедээ өвлүүлэх нь боловсролын салбарын нэг зорилт байх юм” хэмээн онцлон хэллээ.

Харин УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Монголчууд бид дээд гурван эрдэнийнхээ тэргүүнийг Багш, Ном, Эцэг эх, хэмээн дээдэлдэг. Бид зөвхөн багш нараа л нийтэд нь ардын багш хэмээн эрхэмлэдэг. Багш та бүхний хүүхдийн төлөө гэсэн чин сэтгэл бол ёс суртахууныг төлөвшүүлэх монгол хүний хамгийн том баялаг. Ёс суртахуунгүйгээр төрийн алба урагшлахгүй, ёс суртахуунгүйгээр ямар ч хууль хэрэгжихгүй. Тиймээс та бүхний маань хүүхдүүдэд суулгаж өгсөн ёс суртахууны үр үндсийг таслахгүй ургуулах нь манай боловсролын салбарын хамгийн том зорилт байх ёстой” гэсэн бол

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Н.Учрал хэлсэн үгэндээ эх орон, ард түмнээ хүндлэн дээдлэх уламжлалт ёс заншлыг нийгмийн амьдралын бүхий л хүрээнд батжуулах эрхэм үйлсэд ахмад багш нар жинтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэсэн юм.

Мөн энэ үеэр ахмад багш нарын төлөөлөл “1000 ахмад багш уулзаж, дурсамжаа хуваалцдаг, баярладаг энэ арга хэмжээг таван жил дараалан зохион байгуулж байгаа УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, БСШУСЯ-ндаа талархал илэрхийлье. Энэ бол төрөөс ахмад багш нартаа үзүүлж буй гүн хүндэтгэл юм” хэмээн сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсэн юм.

Боловсролын Тэргүүний Ажилтан, Ахмад багш Л.Дамдинсүрэн:Монголын бүх багш нартаа багш нарын баярын өдрийн мэнд хүргэе! Ахмад багш нараа жил бүр цуглуулж, дурсамж уулзалт зохион байгуулж байгаа нь ахмад багш нартаа үзүүлж буй том хүндэтгэл гэж бид үздэг. Би 1972 онд Увс аймгийн Тэс сумаас ажлын гараагаа эхэлж байсан. Салбартаа 35 жил ажилласан хүн. Миний шавь нар бол миний амьдралын утга учир.  Ариун цагаан сэтгэлт үе үеийн шавь нартаа мөн мэндчилгээ дэвшүүлье!

 

 

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.