Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр алт, Л.Отгонбаатар, Б.Мөнхтуяа нар хүрлийн төлөө барилдана

“Жакарта-Палембанг 2018” Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78,+78, эрэгтэйчүүдийн -90,-100,+100 кг-ийн жингийн барилдаанууд өнөөдрийн 10:00 цагаас эхэлж явагдаж байгаа билээ.

Манай улсын тамирчдаас Ө.Дүүрэнбаяр эрэгтэйчүүдийн +100 кг-ийн жинд, Г.Алтанбагана эрэгтэйчүүдийн -90 кг-ийн жинд хэсгээсээ шалгарч алтан медалийн төлөө барилдахаар болоод байна.

Г.Алтанбагана Афганистан, Узбекистан, Тажикистан улсын тамирчдыг өмнөх даваанууддаа ялж шигшээ барилдаанд шалгарсан бол Ө.Дүүрэнбаяр Тажикистан, Иран улсын тамирчдыг ялж алтан медалийн төлөө хүч үзэхээр боллоо.

Харин -100 кг-ийн жинд барилдсан Л.Отгонбаатар Тайланд, Узбекистаны бөхчүүдийг ялсан ч хэсгийн аваргын төлөө барилдаанд Японы Ида Кинтарод цэвэр ялагдлаа. Одоо Л.Отгонбаатар Тажикистаны Сайджалол Саидовтой хүрэл медалийн төлөө барилдах юм.

Өнөөдөр барилдсан манай ганц эмэгтэй тамирчин +78 кг-ийн Б.Мөнхтуяа шөвгийн наймд Хятадын бөхөд оноогоор ялагдсан бол дагах барилдаанд Узбекистаны бөхийг цэвэр ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарчээ. Б.Мөнхтуяа үдээс хойш Казахстаны Гулжан Иссановатай хүч үзнэ.

Ийнхүү өнөөдөр жүдогийн дэвжээнд гарсан манай 4 тамирчин бүгд медалийн төлөө барилдаанд шалгарч үлдлээ. Шигшээ барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …