Наадмаар 2500-3000 төрийн албан хаагч ажиллана

Үндэсний их баяр наадмын хурдан морины салбараас энэ жилийн наадмын үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ. Наадмын үеэр 2500-3000 төрийн албан хаагчид ажиллана. Долдугаар сарын 9-нөөс уралдах морьдыг бүртгэж эхлэх ба зургаан наснаас дээш морьдыг оруулах, монгол морийг хэмжих, ялгах ажлыг мал эмнэлгийн ерөнхий газрын мэргэжилтнүүд гүйцэтгэх аж.
Долдугаар сарын 10-ны өдөр Хязаалан, шүдлэн насны морьд уралдах бол 11-нд азарга, их нас, 12-нд соёолон, даага, 13-ны өдөр шинэ монгол адууны уралдаан болох юм. Морьдыг бариандаа ирэхээс өмнө “Морьтон монгол” үзүүлбэр болох юм байна. Харин унаач хүүхдүүдийн хувьд долоон наснаас дээш, морь унаж сурсан хүүхдээр унуулна. Шагналын 20 хүртэлх хувийг унаач хүүхдүүд хүртэх дүрэм баталсан байна.
Мөн энэ жил бүх аймаг сумын унаач хүүхдүүдийн хурууны хээг баталгаажуулж, цахим бүртгэлээр үнэмлэх олгох юм байна. Ингэснээрээ зөвхөн зөвшөөрөл авсан хүүхдүүд орох юм. Түүнчлэн эцэг эхийн зөвшөөрлийг албан бичгээр авах аж. Зөвшөөрсөн бичиг байхгүй тохиолдолд оруулахгүй байхаар шийджээ. Унаач хүүхдүүдийн амь насны даатгал гэж жилд 30 мянган төгрөг авдаг.
Амь насаа алдсан тохиолдолд таван сая төгрөг өгдөг байна. Зарим аймаг сумдад таван мянган төгрөг ч авдаг тохиолдол байна. Жил бүр 100 мянган төгрөг төлснөөр гэнэтийн осол гарахад 20 сая төгрөгийн нөхөн олговор авна гэж хүүхэд залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ. Ирэх даваа гарагт хүүхдүүдийг даатгалд хамруулах компаниудын нэрс гарах юм.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.