Хамгаалах бүсний хэрэглээг хэвшүүлэх төсөл хэрэгжинэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хамгаалах бүс, хамгаалах малгайн хэрэглээг хэвшүүлснээр зам,  тээврийн аюулгүй байдлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ төсөл нь нийслэл Улаанбаатар хотын ард иргэдийг халдварт бус өвчин, осол гэмтлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа чухал санаачлага болж байна.

Төслийн нээлтийн танилцуулгын талаар Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Дагиймаа, Нийгмийн бодлогын хэлтсийн хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал болон “Замын аюулгүй байдлын төв” ТББ-ын тэргүүн О.Батжаргал нар мэдээлэл өглөө.

Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “2017 оны байдлаар зам тээврийн осолд өртөгсдийн 76 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 4 хувь хэрэглэсэн эсэх тодорхойгүй амь насаа алдсан, 20 хувь суудлын бүс хэрэглээгүй байсан. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн хувьд өнгөрсөн онд 55 хүүхэд осолд өртөж амь насаа алдсан. Үүнээс 47 хүүхэд суудлын бүс хэрэглээгүй буюу эцэг эхтэйгээ авто машинд зорчиж яваад орон нутгийн замд амиа алдсан байна” гэлээ.

Төсөл хэрэгжиж эхлэхтэй холбоотой иргэдийн дунд хийсэн судалгаагаар зам тээврийн хөдөлгөөнд оролцож байгаа жолооч болон зорчигчид 93.8 хувь бүсээ бүсэлдэг байна. Урд суудалд зорчигчид 73 хувь бүсэлдэг бол тээврийн хэрэгслийн арын суудалд суудаг зорчигчид 82-87 хувь нь бүс бүсэлдэггүй гэж судалгаа гарчээ.

Авто машин 100км/цаг хурдтай явж байгаа нөхцөлд зорчигч хамгаалалтын бүсээ зүүсэн бол амь нас бүрэн аврагдах боломжтой. Манай улсад орон нутгийн замд 80 км/цаг хурдтай явахыг зөвшөөрдөг. Тиймээс иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвшүүлэх нь энэхүү төслийн гол зорилго юм.

Төсөл 18 сарын хугацаанд хэрэгжиж энэ хүрээнд Улаанбаатар хот болон хот орчмын замд зорчиж буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нарын дунд хамгаалах бүсний хэрэглээний түвшинг тодорхойлох судалгаа, хамгаалан бүсний ач холбогдлыг иргэд олон нийтэд сурталчлах, мэдээлэл сурталчилгааг олон нийтэд хүргэнэ. Төслийн албан ёсны нээлт 6 дугаар сарын 6-ны өдөр болох юм.

 

Санал болгох мэдээ

Хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …