Хятадад ял эдлэж буй Монголын гурван иргэнийг шилжүүлэхээ мэдэгджээ

96d59203e3e91337bigБНХАУ-д хорих ял эдлэж буй өөрийн улсын иргэдээ ялтан солилцох гэрээний хүрээнд эх оронд нь шилжүүлэн авах хүсэлтээ энэ оны эхээр Монголын талаас хүргүүлсэн ажээ. Энэ асуудлаар Монгол Улс, БНХАУ-ын ГХЯ-дын консулын XV зөвлөлдөх уулзалтаар хэлэлцсэн байна. Уулзалтад Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга Хуан Пин тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэсийн дарга Д.Энхтайванаас тодрууллаа.

-Монгол Улс БНХАУ-тай ялтан солилцох гэрээний хүрээнд Хятадад ял эдлэж буй иргэдээ эх оронд нь шилжүүлэх, зөвшилцөх ажил ямар түвшинд явж байна вэ?

-Монгол Улс, БНХАУ-ын хооронд ялтан солилцох гэрээг 2011 оны зургаадугаар сард байгуулсан. Гэрээг тус оны арваннэгдүгээр сард УИХ-аар соёрхон баталсан. Хятадын талын хувьд уг гэрээний асуудлаар хоёр улсын Гадаад харилцааны яам хоорондын Консулын зөвлөлдөх 2013 оны уулзалтаар хөндөж ярилцаж ирсэн. Уг асуудал нь Хятадын Хууль зүйн яамны эрх хэмжээний асуудал учраас нэлээд хугацаа шаардаж байгаа тухай албан бус мэдээлэл ирдэг. Гэрээний талаар зөвшилцөл ямар түвшинд явж байгаа талаар манай  улсын Хууль зүйн яам тодорхой мэдээлэлтэй байгаа болов уу. Учир нь гэрээнд ялтныг  эх оронд нь шилжүүлэн авах  асуудлыг монголын талаас Хууль зүйн яам хариуцан ажиллахаар заасан байдаг.

-Хоёр улсын ГХЯ-дын консулын XV зөвлөлдөх уулзалтаар ялтан солилцох гэрээний талаар ямар асуудал яригдсан бэ?

-Гадаад харилцааны яам хоорондын Консулын зөвлөлдөх уулзалтаар Хятадын тал Хууль зүйн яамнаасаа мэдээлэл авч ирүүлэхээр тохирсон.

-Тус улсаас гэрээний дагуу хичнээн хүнийг эх оронд нь ирүүлэхээр ярьж байна вэ?

-Өнгөрсөн оны гуравдугаар сард хоёр иргэний үйлдсэн ялыг эх оронд нь эдлүүлэхээр авчирсан. Одоогийн байдлаар энэ онд есөн иргэнийг БНХАУ-аас ирүүлэх саналыг нөгөө талд тавиад байна. Хятадын тал саналыг судлан үзээд гурван иргэний ялыг эх оронд нь эдлүүлэх зөвшөөрөл ирүүлснийг Хууль зүйн яам болон Улсын ерөнхий прокурорын газарт хүргүүлээд байна.

-Нийт хичнээн иргэн Хятадад ял эдлэж байгаа вэ. Тэгэхээр үлдсэн хүмүүсийг гэрээнд хамруулж эх оронд нь авчрах боломж бий юу?

-БНХАУ-д 50 гаруй иргэн ял эдэлж байгаа. Тэдний ихэнх нь хар тамхи, хулгайн гэмт хэрэг үйлдсэн. Үлдсэн ялыг нь  эх оронд нь эдлүүлэх асуудал ялтны өөрийнх нь болон ар гэрийнх нь бичгээр гаргасан хүсэлт, ялын тодорхой хувийг эдэлсэн байх зэрэг  шалгуурыг  хангасан байх шаардлагатай. Төрийн захиргааны төв байгууллага иргэдээс гаргасан хүсэлтийн дагуу ажиллах ёстой, тэдний өмнөөс хүсэлт гаргахгүй.

-Манай улсын иргэн өөр ямар оронд эрхээ хасуулан ял эдлэж байна вэ. Тухайн улсуудаас ялтан солилцох гэрээ хийх талаар ярьж байна уу?

-2013 оны байдлаар нийт 16 оронд 152 иргэн ял эдэлж байгаа мэдээлэл байна. Бүгд найрамдах Казакстан улстай ялтан шилжүүлэх  гэрээ байгуулахаар ажиллаж байна. Казахстаны тал гэрээний төслийг судалж холбогдох байгууллагуудаасаа санал авч ирүүлсэн бөгөөд гэрээний төслийг Хууль зүйн яаманд хүргүүлээд байна.

Т.АМАРТҮВШИН

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн асан З.Нарантуяагийн нөхрийг цэцэд зүтгүүлж байна

Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан ирэх даваа гаригт болж, Цэцийн гишүүнд нэр дэвшсэн 17 нэр …