ШХАБ хаашаа явж, хэн хааш нь чиглүүлнэ вэ?

2017 оны 6 дугаар сард Астанад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) саммитыг очиж үзэж, дүгнэх хувь надад тохиож билээ. Тэр уулзалтаар Энэтхэг, Пакистан хоёр ШХАБ-д элсэж энэ байгууллага үндсэн 8 гишүүн улстай болсон. Астанагийн саммитын дараахан энэтхэгийнObserver Research Foundation гэх байгууллагаас “Энэтхэг улс ШХАБ-д элссэний дараахи хандлага” сэдвээр өргөн хүрээнд ярилцсаныг сайтуудад тавьсан. Тэр уулзалт ярилцлагад Элчин сайд асанРакеш Суд, Ажай Малхотра, Пунцаг Стобдан, Ашок Кант, Нандан Унникришнан гэхчлэн байр сууриа илэрхийлснийг нэгтгэн авч үзэнгээ Монгол яах вэ гэдэгт дүгнэлт хийе. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигоос ч бас эшлэе.

«Шанхайн тав» нэрээр хилийн асуудал шийдвэрлэх, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх нөхцлөөр ШХАБ анхлан байгуулагдсан. СССР тарсны дараа Орос ба Төв Азийн шинэ улсуудтай Хятад асуудлаа зохицуулах шаардлага тэр үед тулгарсан. Үүний сацуу афганы талибуудын аюул занал Төв Азийн («Шанхайн тав»-ын хүрээнд гэсэн үг) хувьд ноцтой болж ирсэн учраас цааш нь тэлж өргөжүүлэн бүс нутгийн байгууллага болгон томруулахаас өөр арга байгаагүй. Үнэндээ Афганистанаас учрах аюулын өмнө Төв Азийн хэдэн улс хүчгүйтэх нөхцөл бүрдсэн байв.

Үнэндээ хоёр зууны зааг үед Төв Азийн бүс нутагт Орос, АНУ, НАТО, Европын Холбоо, Хятад, Энэтхэгийн ашиг сонирхлууд шууд чиглэх хандлагатай болсон байв. Тэгэхлээр энэ олон сонирхогчдыг цэгцлэх шаардлага тулгарсан.

2001 онд «Шанхайн тав»-д Узбекистан нэмэгдэж орсноорШХАБ хэмээхбүс нутгийн нэгдэл буй болж,2005 онд Энэтхэг, Пакистан тус байгууллагын ажиглагч болж, 2014 онд Энэтхэг нь жинхлэх өргөдөлөө түрүүлж өгчээ. Ингээд дараа жил нь гишүүнээр элсэж, жинхлэх асуудал нь 38 төрлийн баримт бичигт гарын үсэг зурснаар 2016 онд өндөрлөж, харин2017.06.09-нд бүрэн эрхт гишүүн болжээ. Пакистан ч мөн ийм зам туулжээ.

Орос, Хятад хоёр бол ШХАБ-ын гол зонхилох гишүүд бөгөөд тэгээд ч ШХАБ-ын албан ёсны хэл нь орос ба хятад хэл. Хоёр талын харилцааны аливаа, ямар ч асуудлыг шийдвэрлэх платформ болгож ШХАБ-ыг ашиглаж болохгүй.

ШХАБ-ын нэг чухал гол чиглэлбол терроризмын эсрэг тэмцэх бүс нутгийн бүтэц нь юм. Тэр бүтэц нь «гурван хорт хүчин»-тэй тэмцэнэ: терроризм, сепаратизм, экстремизм. Мэдээлэл солилцохоос эхлэн терроризмын эсрэг хамтарсан хээрийн сургууль хийх, энэ тэмцэл дэх тэргүүн туршлагаа солилцох явдал үүнд орно. Эдүгээ «Лалын улс» гэх радикал бүлгийн аюул занал тархаж буйтай холбогдуулан аюулгүй байдлын салбарт ШХАБ онцгой анхаарах шаардлага тулгарч байна. Учир нь терроризмын эсрэг тэмцэх ШХАБ-ын бүс нутаг бол Төв Ази болно. Үүнд Орос-Туркийн хооронд зуучилсан Казахстаны үүрэг огцом өссөн.

ШХАБ-ын орнуудын Батлан хамгаалахын сайд нарын зөвлөлгөөн хэдхэн хоногийн өмнө Бээжинд болж өнгөрсөн. Түүн дээр БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ дэлгэрнгүй үг хэлсэн. Энэ чухал зөвлөлгөөний гол сэдэв нь терроризмтой хийх тэмцэл боллоо хэмээн тэрээр мэдэгдсэн. ШХАБ бол энх тайвны төлөө тэмцэгч байгууллага, терроризмын эсрэг тэмцэл дээр сонор сэрэмжээ ямагт өндөрт байлгах хэрэгтэй, Хятадын хувьд Шинжаан-Уйгурын өөртөө засах районы салан тусгаарлах хөдөлгөөнийг гаднаас дэмжих аюул өсөн нэмэгдэж буй нөхцөлд ШХАБ-д л найдлага тавих болно гэдгийг ч тэрээр тэмдэглэжээ.

Орос ШХАБ-ыг яг одоо Москвагийн эрх ашгийг Афганистанд хангах талбар хэмээн харж байна. ШХАБ-ын холбоо барих бүлэг–Афганистан гэсэн чиглэлээрхи үйл ажиллагаа нь идэвхжлээ. Төв Ази хэмээх энэ бүс нутаг нь ШХАБ-ын гурван том гигант Орос, Хятад, Энэтхэгийн нөлөөний хүрээний ч гэх юм уу, ашиг сонирхлын үндсэн талбар биш. Гэхдээ энэ гурвын хэн нь ч нөгөө аль нэгийгээ Төв Азид давамгайлахыг зөвшөөрөхгүй.

Тэр дундаа ШХАБ-д Хятад гоцлох, эсвэл Төв Азид ноёлохыг Энэтхэг тэвчихгүй, хүсэх ч үгүй. Гэтэл Хятад нь Казахстан, Кыргызстан, Тажикистантай хиллэдэг, Хятадын Шинжаанаар шашин-соёл, хүмүүнлэгийн ихээхэн харилцаатай. Харин Орос бол зөвхөн Казахстантай хиллэж байгаа, Энэтхэг тийшээ нийтлэг хил хязгаар гэж байхгүй. Орос болоод Төв Азийн зарим улс нь Евразийн эдийн засгийн холбоо, ОДКБ буюу Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, СВМДА буюу Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын гишүүн улсууд. Хэрэв ШХАБ ба Евразийн эдийн засгийн холбоо дээр худалдаа-эдийн засаг төвлөрөх аваас логикоор бодож үзэхэд ОДКБ, СВМДА хоёр дээр нь аюулгүй байдлын асуудлаа шийдээд явах болов уу.

Энэтхэг ШХАБ-д элссэний цаад утга нь Төв Азид ямар нэг хэмжээгээр нөлөөлөх явдал байж болно. Хэрэв тэгэх гэвээс нөлөө нь Орос, Хятадтай харьцуулшгүй, хязгаарлагдмал. ШХАБ бол үнэн хэрэгтээ одоогоор бүс нутгийн улс төрийн байгууллага байна. Эдийн засгийн асуудлаар хамтран ажиллана гэх нь яригддаг, хэрэгждэггүй, хэлбэр төдий юм.

2015 онд ажиглагдсан, энэтхэгчүүд тэмдэглэдэг нэг зөрчил бий. Тэр нь тус байгууллагад Энэтхэгийг элсүүлье гэхэд Хятад саад хийхийг оролдсон, ШХАБ-д шинэ гишүүн элсүүлэх процедур хүртэл алга хэмээн шалтаг зааж байсан явдал аж. Энэтхэгийг элсүүлэх эсэх дээр ШХАБ дотор анх удаа Орос, Хятадын хооронд зөрчил үүссэн, Орос нь Энэтхэгийг элсүүлэхээр шахсан, Уфад ШХАБ-ын саммитыг зохион байгуулсан даргалагч улсын хувьд тэр давуу эрхээ ашигласан. ШХАБ-ыг яагаад гэнэт ингэж Өмнөд Азийн хүчирхэг хоёр орноор тэлэв гэдэг нь өнөө хүртэл судлагдаж буй нээлттэй сэдэв болж байна.

Хоёр тайлбар давамгайлдаг. Нэгд Хятад нь дэлхий нийтийн асуудлаар томхон үүрэг гүйцэтгэхээ илтгэх болсон. Хоёрт Орос нь Пакистантай хоёр талын харилцаагаа үлэмж сайжруулсан.

Энэтхэг нь энэ байгууллагын шинэ гишүүний хувьд хязгаарлагдмал эрхтэйгээ мэдрэхийн хэрээр ШХАБ дахь нөхцөл байдал, түүний бүтцийг өөрчлүүлэхийн төлөө байна. ШХАБ-ын мэдэгдэл, тунхаглалууд тэр бүр Энэтхэгийн үндэсний эрх ашигтай нийцэхгүй байгаа тухай ярьдаг болсон. Харин Хятадын дэд бүтцийг ашиглаад бүс нутагт өөрийн ашиг сонирхлоо түлхэнэ гэсэн бодлого барьж байна. Худалдаагаа тэлэх, өсгөх, худалдааны туршлага сууж ашиг олох гэх мэт. Тэгэхдээ Хятадын санаачилж буй бүх төслүүдийг эсэргүүцэхгүйгээр,тухайлбал ШХАБ-ын Банк байгуулагдаад тэр нь БРИКС-ийн хөгжлийн шинэ банк маягаар ажиллабал Энэтхэг дэмжинэ. Тэгвэл Энэтхэг нь тэр банкинд өөрийн тоглоомын дүрмээ тогтоож болно. Харин Орос нь өнөө хүртэл ШХАБ-ын Банк дээр Хятадыг эсэргүүцсэн, эргэлзсэн байр суурьтай байгаа.

Төв Азийн орнуудтай харилцах дээрээ Энэтхэг нь ШХАБ-ын хүрээнээс гадуур ажиллахыг сонирхож байна.

ШХАБ-д элссэний дараахи Энэтхэгийн статус дээр энэтхэгийн эрдмийн ба дипломатын хүрээнд хэлэлцүүлэг, мэтгэлцээн тасрахгүй өрнөж буй. Энэтхэг нь эх газрын, эсвэл тэнгис далайн гүрний аль нь юм бэ, Энэтхэг нь Евразийн гүрэн болох ёстой юу, эсвэл Энэтхэгийн далайнхаа гүрэн байх юм уу гэх мэтээр. Ашок Кант гэдэг нөхрийн ярьснаар Энэтхэг нь тэнгисийн ч, эх газрын ч гүрэн, Евразийн ч, Энэтхэгийн ба Номхон далайн ч том тоглогч байх ёстой гэнэ.

ШХАБ байгуулагдсанаар хэнд ямар зэвсэг болж ашиглагдсан бэ гэдэг маргаантай сэдвийг энэтхэгийн эрдэмтэд ийн хөнджээ. ШХАБ анх үүсч байх үед Афганистанд талибуудын эсрэг, террористуудын эсрэг Америк, НАТО-гийн олон үндэстний хүчин байлдааны ажиллагаа явуулж, Хятад тийшээ оролцох боломж хязгаарлагдмал, ерөөсөө Төв Ази руу Оросоор дамжуулан нөлөөлөх гэж оролдож эхэлж байсан аж.

Энэтхэгийг ШХАБ-д элсүүлье гэх бодол Оросын хувьд бараг эхний үеэс юм. Учир нь Хятад Төв Ази руу нөлөөгөө тогтоож эхэлмэгц хязгаарлая, үүний тулд Энэтхэгийг татаж оруулъя гэж үзсэн. Тэгэхлээр нь нэгэнтээ Энэтхэг ШХАБ-ын хаалга татаж байгаа Пакистан гарцаагүй гэдэг байр сууриа Хятад хамгаалсан. Энэ нь ШХАБ дахь Энэтхэгийг сөргүүлэх гэсэн алхам байсан гэж үзэхээр. Төв Азийн орнууд Хятадаас хамааралтай болохын хэрээр Энэтхэгээс их зүйл хүсэн хүлээж байдаг гэсэн тайлбар бас дагалдана.

Одоо ШХАБ нь Евразийн нутаг дэвсгэрийн 60 хувийг хамарч байна, түүн дээр 2.8 тэрбум хүн ам аж төрж байна. Оросуудын шахаад байгаа, 2017 онд Астанад амжуулах гээд хойшлуулсан Иран гэх шинэ гишүүнээр ШХАБ тэлбэл аль ч утгаараа ШХАБ нь Америкийн эсрэг бүлэглэлийн төрхийг бүрдүүлнэ. Ингээд өрнөдийн эсрэг томхон эвсэл маягтай болж хувирна.

Ажиглагдсан нэг зүйл байна. ШХАБ-ын бүх гишүүд нь эл байгууллагын төлөө гэхээсээ илүүтэй хоёр талын харилцаагаа эн тэргүүнд тавьж буй явдал. Хятадын хувьд ШХАБ бол Хятад ба бусад улсуудын хооронд стратегийн чиглэлээ бэхжүүлэх талбар тавцан, одоо бол “Бүс ба Зам” төслөө урагшлуулах нэг гарц суваг нь ШХАБ юм. Хэрэв Төв Ази–АНУ-ын харилцаа гүнзгийрээд, Төв Азийн орнуудад ардчилсан хөгжлийн зам сонговол Хятадын эсрэг үзэл бодол, байр суурь ихсэх магадлалтай. Үүнд нь ШХАБ зохицуулалт хийж чадахгүй. Ерөөсөө ШХАБ-ын гишүүн улс орон бүр түүний ирээдүйг янз янзаар харж, нэгдсэн байр сууринд хүрч чадахгүй байгааг мартаж үл болно.

Дээр энэтхэгийн дипломатчид, эрдэмтдийн үзэл бодлоос хуваалцлаа. Одоо Ерөнхий сайд Нарендра Модийн байр суурийг сонирхоё. Тэрээр 2017 онд Астанад уур хилэнтэйгээр хинди хэлээрээ ширүүн дориун ярьж байхыг би өөрийн нүдээр харсан, чихээрээ сонссоны хувьд хэлэх тайлбар хангалттай байна. Тэрээр Астанад ШХАБ-ын саммитад оролцчихоод дараа нь АНУ руу явсан. Тэр айлчлалыг Путин, Трампын хооронд баланслахаар (тэнцвэр барихаар) явлаа хэмээн гадаадын ажиглагчид дүгнэсэн. Энэтхэг-АНУ-ын хоёр талын талын харилцаа хэзээ хэзээнээс илүү, өмнө нь хэзээ ч тийм байгаагүйгээр гүн бат байна, Трамп төр тэргүүлснээр хоёр орны стратегийн түншлэл шинэ өндөрлөгт гарлаа гэхчлэн Моди, Трамп хоёр ам мэдэн ярьсан даа.

АНУ-д Энэтхэгийг хэрхэн ойлгов гэхлээр Энэтхэг бол БРИКС-ийн гишүүн улс, яг одоо ШХАБ-ын гишүүн боллоо, үндсэндээ өрнөдөөс зай барин, “өрнөдийн бус ертөнц”-тэй Энэтхэг нийллээ. “Өрнөдийн бус ертөнц”-ийн лидер нь Орос, Хятад хоёр. Гэтэл Моди Вашингтонд очсоноороо Энэтхэг-Америкийн харилцааг хэзээ хэзээнээс илүүтэйгээр бат бэх болголоо, бүх асуудлаар тохиролцлоо, Энэтхэг бол жинхэнэ нөхөр мөн гэхчлэн цаасан малгай өмсгөсөн мэдэгдэл ар араасаа цувсан. Айлчлалыг залгуулаад АНУ, Энэтхэг, Японы тэнгисийн цэрэг оролцсон томхон тэнгисийн сургууль Энэтхэгийн далайн баруун хэсэгт зохиогджээ.

Нарендра Моди 2017 оны тэр зун гурван ч маршрутаар аялсан хэрэг. Эхлээд Санкт-Петербургт Петербургийн олон улсын эдийн засгийн форумд оролцонгоо Путинтэй дээд хэмжээнд уулзаж хэлэлцээ хийгээд тэндээсээ Астанаг зорьж, ШХАБ-д 12 жил ажиглагч явсан статусаа эцэслүүлээд, дараа нь АНУ-ыг зорьсон.

Модийн тэр идэвхи хоёрдмол тэнцвэржүүлэлтийн төлөө хэрэгжжээ. “Хоёрдмол тэнцвэржүүлэлт” гэдэг нь 1) “Make in India” гэх түүний хөтөлбөр Трампын“America First” уриатай зөрчилдсөнийг тэнцвэржүүлэх; 2) Энэтхэг нь АНУ руу ойртсоноороо Орос, Хятадтай тогтоосон харилцаагаа АНУ-аар саармагжуулах, Америкийн эсрэг тоглоомд оролцохгүй, гэхдэээ БРИКС, ШХАБ дахь хамтын ажиллаагаандаа тормоз болохгүй явдал. Энэ нь хоёрдмол тэнцвэржүүлэлт байх гэнэ.

Тэрхүү “Make in India”, “America First” гэгчийн хувьд ойлгомжтой. Аль алин нь эдийн засаг, худалдаандаа үндэсний язгуур эрх ашгаа дээдлэнэ, аль алин нь ижил төрхтэй улс төрчид–прагматик, гэхдээ националист. Аль алин нь олон улсын харилцаанд нэг үнэт зүйлтэй, баснэг хэлтэй. Аль алин нь ардчилсан үнэт зүйлтэй ардчилсан гүрнүүд гэхчлэн бичвэл ШХАБ доторхи Энэтхэг нь бараг АНУ-ын тавиул мэт.

Эндээс Монголын байр суурийг тодруулахад тун амархан мэт. ШХАБ анхлан байгуулагдсан нөхцөл шалтгаанууд Монголд байгаагүй. Хилийн маргаан хил залгаа Орос, Хятадтай байхгүй явж ирсэн, байхгүй, хойшдоо ч байхгүй. ШХАБ-ын нэг чухал гол чиглэлбол терроризмын эсрэг тэмцэх бүс нутгийн бүтэц, тэр бүтэц нь «гурван хорт хүчин»-тэй тэмцэнэ: терроризм, сепаратизм, экстремизм гэж заасан бол тэр бүхэн нь Монголд байхгүй, байх ч нөхцөлгүй юм. Хар тамхины зөөвөртэй тэмцэхэд ШХАБ-ын нэгдсэн цагдаагийн сүлжээ гэж байх аваас Монгол нь ажиглагчийн хувьд оролцож болох юм. Монгол нь Төв Азийн бүс нутагт ямар нэг онцгой, заримдаг, ердийн ямар ч ашиг сонирхолгүй. Тэндхийн үйл явдалд оролцох сонирхол, бололцоо байхгүй. Афганистанд энхийг сахиулах зорилгоор НАТО-гийн ISAF хүчний ажиллагаанд оролцож байгаа. Энэ бол мөнхийнх биш, түр зуурынх. Өрнөдийн эсрэг байр суурьтай ОХУ нь (ШХАБ-ын гол гишүүн) Афганистанд Америк, НАТО-гийн хүчин байрлаж байгааг таашаадаггүй, гэтэл ШХАБ-ын ажиглагч Монгол тэнд нь оролцсоор ирсэн нь хэрэв ШХАБ-д Монгол жинхэлбэл үл ойлголцолд хүргэх нь маргаангүй. Жил бүрийн зун Монголд зохиогддог “Хааны эрэлд” олон улсын хээрийн сургууль бол энхийг сахиулах чиглэлээр бэлтгэл сургуулилалт болохоос бус ШХАБ-ын хүрээнд явагддаг терроризмын эсрэг хээрийн сургуулиас агуулгын хувьд эрс ялгаатай.

Xэpэв ШХАБ-д Иран, Афганистан жинхэлж, цаашлаад одоо хүслээ илэрхийлдэг болсон Сири оролцож эхэлбэл ШХАБ нь лалын ертөнц дэх эцэс төгсгөлгүй дайн тэмцлийн арбитрын шүүх болж хувирна. Тэр бол Монголын язгуур эрх ашгаас дэндүү алсуур үйл явдал болно.

ШХАБ-ын хүрээнд Хятад, Энэтхэг хоёр зөрчилдөх, Энэтхэг нь элдэв бойкот хийх, Энэтхэг, Пакистан хоёр мөргөлдөх, Сирид АНУ ба түүний холбоотнууд Орос, Ирантай мөргөлдөх тохиолдолд Монгол Улс төвийг сахих байр суурин дээр байхаас өөр гарцгүй.

Эцэст нь нэн шинэхэн, бас ШХАБ-д халтай байж мэдэх нэгэн үйл явдлын тухай мэдээлэх ёстой гэж үзэж байна. “Астана Каспийн аюулгүй байдлын архитектурыг эвдлээ” гэх гарчгаар оросын “Независимая газета” сонинд 2018.04.24-нд ноцтой баримт дэлгэжээ. Казахстаны Актау, Курык боомтуудыг АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд ашиглуулах талаар тус улс эцсийн шийдвэрээ гаргажээ. Энэ нь Афганистан руу АНУ-аас илгээх тусгай ачааны транзитын тээврийн дамжлага бааз болох тухай асуудал аж. Холбогдох хэлэлцээрийг Казахстаны Сенат соёрхон баталжээ. Казахстаны эл хоёр боомт нь автоматаар Пентагон ба түүний холбоотнуудын бааз болж хувирлаа хэмээн оросын сонинд бичээд америкийн транзит ачаа тээврийн маршрутыг гаргасан байна. Үүнд АНУ-ын ба НАТО-гийн ачаа эхлээд Хар тэнгисээс Гүржид очно. Тэндээсээ Гүрж-Азербайжан-Каспийн тэнгис-Казахстан хүрнэ. Тэндээсээ галт тэргээр Сарыагаш, Келес, эсвэл Узбекистаны Бейнеу–Каракалпакия хүрээд цаашаа Афганистанд очиж байх аж. Казахстаны Гадаад хэргийн сайд К.Абдрахмановын ярьснаар АНУ-тай тэр хэлэлцээрийг бүр 2010 оны зун байгуулсан, маршрутаа тодруулахаар АНУ-ын талаас хүссэн тул Сенат нь батламжлаагүй, тэгж тэгж Актау, Курык боомтуудыг нэмж тусгасан, энэ хэлэлцээр бол хөрш Афганистаны энх тайван, тогтвортой байдлын төлөө АНУ-тай стратегийн түншлэл хөгжүүлэх эрх ашигт бүрэн дүүрэн үйлчилнэ гэж тэмдэглэжээ.

Оросын эрдэмтэн Александр Князев гэдэг хүн энэ талаар бүр ч ноцтой анхааруулга өгчээ. Тэртэй тэргүй хэврэг байгаа Каспийн аюулгүй байдлын архитектурыг америкийн цэргийн транзит тээвэр улам нэрвэнэ. Каспийн бүс нутагт америк-оросын, америк-ираны уламжлалт эсрэгцэл зөрчил чинээндээ тултал даамжирна, Москва болон Тегераны зүгээс маш том эсэргүүцэлтэй тулгарна, Каспийн тэнгисээр дамжсан “умардын хуваарилалтын зам” сэргэх нь Каспийн тэнгисийн эрх зүйн статусыг шийдэж ядаж байхад давхар саад бэрхшээл учруулна гэжээ. Казахстан бол ШХАБ, мөн ОДКБ эвслийн гишүүн, Евразийн эдийн засгийн холбооны гишүүн байгаагийн хувьд Америкийн цэргийн дамжлага бааз болох нь нэн аюултай, ноцтой, үүнээсээ татгалзах ёстой гэх шахуу уриалга оросын зарим сайтуудад бичээтэй байна. Афганистанд энхийг сахиулах зорилгоор АНУ-НАТО-гийн ISAF хүчин байрлаж байгаад Орос нэн таагүй ханддаг бол ШХАБ дахь холбоотон Казахстан нь бүр эсрэгээр хандаж байгаа нь илт байна.

Энэ бүхнээс дүгнэлтээ хийцгээе. Монгол Улс хэрхэх вэ гэдэгт айхтар хариулт хайгаад тархиа гашилгаад байх нь арай эртдэх мэт. ШХАБ нь ийнхүү бүс нутгийн улс төрийн байгууллага байгаа нөхцөлд Монгол Улс идэвхтэй ажиглагчаар оролцож байр сууриа илэрхийлж, ШХАБ-ын олон уулзалт хурлуулад идэвхтэй оролцоод явахад ямар ч саад байхгүй гэж үзэж байна. Эдийн засгийн асуудлаар хамтран ажиллана гэж яригддаг, хэрэгждэггүй, хэлбэр төдий байгаа бол одоогоор идэвхтэй ажиглагчаараа байх нь зөв болов уу. Хэрэв Европын Холбоо, АСЕАН шиг эдийн засгийн маш том эвсэл Евразид бүрдэх аваас Монгол юу боллоо гэж хойш суух билээ дээ?

Олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүү

 Нийтлэлчийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэв

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …