Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийн бүтээн байгуулалт ирэх хавраас эхлэх боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн Бямба гарагт Баянхошуу болон Сэлбэ дэд төвүүдэд хийгдэж буй ажилтай танилцаж иргэдтэй санал солилцлоо.
УИХ-аас баталсан Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 оны хөгжлийн ерөнхий чиг хандлагын баримт бичигт Улаанбаатар хотыг 8 дэд төвтэй байхаар заасан юм. Мөн  Нийслэлийн Засаг даргын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар хотыг  нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлж, улмаар хөгжил дагуулсан бүтээн байгуулалтыг эхлүүлнэ” гэж тусгасан байдаг. Хотын ерөнхий төлөвлөгөө болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу эхний ээлжинд Баянхошуу болон Сэлбэ орчмыг хотын дэд төв байхаар төлөвлөж, Азийн хөгжлийн банктай хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр талууд өнгөрсөн онд хамтын ажиллагааны “Санамж бичиг”-т гарын үсэг зурсан юм.
Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28 дугаар хороо буюу Баянхошуу орчмын 162 га талбай  бүхий газрыг дахин төлөвлөж хөгжүүлж  Улаанбаатар хотын  200 мянган хүн ам оршин суух бололцоо бүхий дэд төв байхаар Азийн хөгжлийн банкны “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-д тусгасан байна. Энэхүү ажлыг НҮБ-ын хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөр болох  “ХАБИТАТ” төслөөс  өөрсдийн чиг үүргийн дагуу дэмжин ажиллаж байгаа бөгөөд тухайн хэсгийн иргэдтэй  хэд хэдэн удаагийн уулзалт хийн иргэдийн оролцоотойгоор дэд төвийн ерөнхий зураглалыг гаргасан байна. Баянхошууны иргэд гудамж, хороо, хэсгээрээ нэгдэн 15-30 хүний бүрэлдэхүүнтэй 108 бүлэг байгуулж дэд төв болгон хөгжүүлэхэд хэрхэн оролцох, газраа ямар хэлбэрээр чөлөөлж, инженерийн дэд бүтэц, нийгмийн үйлчилгээг хувиарлан төлөвлөлтөө хэлэлцсэн байна. Иргэд энэхүү төслийг дэмжиж байгаагаа илэрхийлж байснаас гадна 35 хувь нь энэхүү бүтээн байгуулалтад өөрсийн хүч хөдөлмөрөө зориулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Харин Сэлбэ дэд төв буюу Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хорооны нийт 156 га талбайг Улаанбаатар хотын хоёр дахь дэд төв болгон хөгжүүлэх юм. НҮБ-ын ХАБИТАТ төслийн зохицуулагч Ш.Энхцэцэгийн танилцуулснаар энэ хэсэгт нийтдээ 2000 гаруй хүнийг хамруулсан 53 бүлгийг үүсгэн иргэдийн оролцоотойгоор Улаанбаатар хотын хоёр дахь дэд төвийг хэрхэн хөгжүүлэх талаар санал солилцон, зураглал хийсэн байна. Улаанбаатар хотын хоёр дахь дэд төвийг Сэлбэ дэд төв гэж нэрлэх шийдвэрийг тухайн хэсгийн иргэд өөрсдөө гаргажээ. Улаанбаатар хотын гэр хорооллын хойд хэсэг болох Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг дахин төлөвлөж хөгжүүлэн 200 мянган хүн амыг хамарсан үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой хотын дэд төв болгоход 10 жилийн хугацаа шаардлагатай байгааг Азийн хөгжлийн банкны  “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих төсөл”-өөс үзэж байна. Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга, энэ ажилд Азийн хөгжлийн банкнаас 500 сая ам.долларын санхүүжилт олгохоор талууд тохиролцсон. Хэрвээ санхүүжилтийн гэрээг УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцэн баталбал ирэх хавраас ажлаа эхлүүлэх боломжтой байгааг онцлон хэллээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …