Арилжааны банкуудын мөнгө хүүлэлтийг зогсоовол чанаргүй зээл буурна

Чанаргүй зээл гэж юу вэ. Тун энгийнээр тайлбарлахад, банкнаас авсан зээлээ төлөхгүйгээр 90-ээд дээш хоног болсон бол чанаргүйд тооцдог байна. Тэгвэл монголын арилжааны банкуудын хугацаа хэтэрсэн буюу чанаргүй зээл хоёр их наяд төгрөгт хүрээд байгаа тухай Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн юм.

Чанаргүй зээл өсч байгаа нь иргэдийн гар дээрх орлого буурсантай шууд холбоотой гэж нэг талаас тайлбарлаж болно. Гэвч  банкуудын өөрсдийн буруу бодлогоос чанаргүй зээл үүссэн гэж тайлбарлах эдийн засагчид олон байна.

Тухайлбал, Эдийн засагч Д.Ангар “Өвөл болохоор хүйтэн болно гэдэг шиг өндөр хүүтэй зээлээс чанаргүй зээл л үүснэ. Чанаргүй зээлгүй болмоор байвал зээлийн хүүгээ буулга. Дэлхийд байхгүй өндөр хүүгээр мөнг хүүлчихээд эцэст нь чанаргүй зээл гэж төрд шахна гэж бодож байвал эндүүрэл шүү” гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ.

Чанаргүй зээлийн хэмжээ өсөж байна гэдэг нь үндсэндээ улсын эдийн засаг, аж ахуй нэгж, ард иргэдийн амьдрал тэр хэмжээгээр доройтож буйн бодит шинж. Хэн ийм болгосон вэ?

Хариулт өгөх хүн олдохгүй биз. Гэхдээ энэ асуудал дээр улс төржихгүйгээр шийдлээ олмоор байна.

Ойлгомжтой энгийн гарч гаргалгаанууд харагдаж байна л даа. Жишээлбэл, дэлхийд байхгүй өндөр хүүгээ банкууд буулгаж болно. Ингэснээр иргэдийн зээл төлөлт сайжирна. Өөрөөр хэлбэл чанаргүй зээл гэдэг үг үндсэндээ алга болно гэсэн үг. Мөнгө банканд эргэлдээд эхэлбэл, улс орны эдийн засагч сайжирна.

Гэтэл манай банкууд өөрсдийн тогтоосон өндөр хүүгээс болж үүссэн чанаргүй зээлийг төрд шахахаар улайрч байна. Төрд шахна гэдэг нь татвар төлөгч бидний мөнгөөр тэрхүү чанаргүй зээл гэгчийг дарах явдал юм л даа. Үүнийг нь улсын төв банкны удирдлагууд ч хүртэл хүлээн зөвшөөрч, “арилжааны банкуудаа аварцгаая” гэх ухааны юм хэвлэлээр ярих боллоо. Бүр анхнаасаа тохиролцчихсон юм шиг.

Өндөр хүүгээр арилжааны банкууд мөнгө угаасан, хөрөнгөжсөн. Харин гарсан эрсдлээ иргэдэд үүрүүлэх гэж байна. Ийм зүйл байж болохгүй. Монголын санхүүгийн систем анхнаасаа буруу явсаар 27 жилийн дараа хана мөргөөд зогсож байгаа нь энэ. Энэ чигээрээ цааш явах ямарч боломжгүй.

Тиймээс одоо өөрчлөлт хийж, зээлийн хүүг буулгахад анхаарлаа хандуулцгаая.

УИХ-ын гишүүн АН-ын дарга С.Эрдэнэ зээлийн хүүг буулгах зорилго бүхий хуулийн төсөл санаачилж, өргөн бариад байна.

Өнөөдөр хэрэгжиж байгаа ипотекийн зээлийн хүү, үндсэн зээлийн эргэн төлөлтийн хувь тэнцүүлсэн зарчим нь иргэдэд дэндүү хохиролтой байдаг. Тодруулбал, зээлийн хүүгийн эргэн төлөлт 70 хувь байхад үндсэн зээлийн эргэн төлөлт нь 30 хувь байх жишээтэй.

Өөрөөр хэлбэл, банкууд үндсэн зээлийн хэмжээг өндөр байлгаж, зээлийн хүүгээ урьдчилж авах зарчмаар явж байгаа. Үүнийг бид “Мөнгө хүүлэлт” гэж нэрлэдэг. Тэгвэл С.Эрдэнэ гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд “Мөнгө хүүлэлт”-ийг зохицуулах хориглох заалтууд бий гэдэгт найдаж байна. Монголын залуучуудын нурууг авч байгаа ипотекийн зээлийн хатуу нөхцлийг өөрчлөх эрх зүйн боломж бүрдэнэ гэдэгт итгэж байна.

30 сая төгрөгийн орон сууцны зээл авсан бол түүнийгээ л төлдөг баймаар байна. Гэтэл хорь гаруй жил зээл төлөөд эргээд харахад 30 саяыг бус 100 гаруй сая төгрөг банканд тушаасан байх юм. Энэ шударга бус явдлыг л таслан зогсоох учиртай. Ийм л хууль эрх зүйн орчин дутмаг байна. Үндсэндээ чанаргүй зээлийг үүсгээд буй арилжааны банкуудын мөнгө хүүлэх бодлогыг төрийн шийдвэрээр таслан зогсоох нь зөв юм. Тиймээс С.Эрдэнэ гишүүний өргөн барьсан хуулийн төсөлд их ач холбогдол өгч байна. Гэхдээ олонх шийдвэр гаргана. Олонх дотор арилжааны банктай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй олон гишүүд бий. Тэд өөрийн халаасыг бодож, иргэдийн эсрэг шийдвэр гаргаж магадгүй. Харж л сууя. Хэн өөрийн ходоодыг, хэн улсыг эрх ашгийг боддог вэ гэдэг нь энэ хуулийн төслийг дэмжих, эс дэмжихээс харагдах юм.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.